УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2023.05.30/ хуралдаж, дуусжээ. Хуралдаанаар гаргасан шийдвэрийг нэгтгэн товч байдлаар хүргэе.

Бүлгийн хурлаар дараах хоёр асуудлыг хэлэлцжээ. 

Нэгдүгээрт, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн талаар хэлэлцсэн байна. Улмаар УИХ-ын гишүүдийн тоог 126 болгож, 78 нь мажоритар, 48 нь пропорциональ системээр сонгогдохоор санал нэгджээ. Тэгэхээр эл шийдвэрийг УИХ-ын холбогдох байнгын хороодоор хэлэлцэж, маргаашийн УИХ-ын чуулганаар гурав дахь хэлэлцүүлгийг хийх аж.

Хоёрдугаарт, Цалин, тэтгэврийг нэмэх асуудлыг хэлэлцэж, дэмжжээ. Ингэхдээ дараах зохицуулалтуудыг хийхээр болсон байна. 

  • Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгоно. Мөн өмнөх саруудад авч чадаагүй хүүхдүүдэд мөнгөн тэтгэмжийг нь нөхөж өгнө.
  • Цалинг хоёр үе шаттайгаар нэмнэ. Эхний ээлжинд буюу долдугаар сарын 1-нээс соёл, спортын салбар, нийтлэг үйлчилгээний ангилалд байгаа төрийн албан хаагчдын цалинд өөрчлөлт оруулна.  Төрийн нийтлэг үйлчилгээний алба хаагчдын хамгийн доод цалин 565 мянган төгрөг байгаа. Үүнийг долдугаар сарын 1-нээс 750 мянган төгрөг болгоно гэсэн үг. Дараа нь, аравдугаар сарын 1-нээс бусад шаардлагатай төрийн алба хаагчдын цалинг нэмнэ. 
  • Тэтгэврийн зөрүүг арилгана. 1990 онд тэтгэвэр тогтоолгосон багш, өнөөдөр тэтгэвэр тогтоолгож буй багш хоёр ижил хугацаанд ажилласан бол ижил тэтгэвэр авдаг болно. Үүний дараа үнийн өсөлттэй уялдуулж, нийт тэтгэвэр авагчдын санг 10 хувиар нэмэгдүүлнэ. 
  • Зорилтот халамжийн чиглэлд анхаарч, 90 тэрбум төгрөгийн тодотгол хийнэ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, тэдний асран хамгаалагчдад олгодог 288 мянган төгрөгийг 325 мянган төгрөг болгоно. Асаргаа сувилгаа хийх шаардлагатай хүүхдүүдийг хардаг ээжүүдэд очдог 83 мянган төгрөгийн тэтгэмжийг 255 мянган төгрөг болгож нэмнэ. 
  • Нийслэлийн түгжрэлийг бууруулахад өнгөрсөн жил 420 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон. Гэтэл зам, замын холбоосуудыг хийхэд 187 тэрбум төгрөг дутаж байгаа. Тиймээс энэ мөнгийг олгоно.

Эдгээр асуудлын хүрээнд төсөвт тодотгол хийхэд нэмж 1.3 их наяд төгрөг шаардлагатай болж байна. Үүний эх үүсвэрийг уул уурхайн бүтээгдэхүүний экспортын орлогоос бүрдүүлэх тооцоо судалгааг хийж буй аж. Эдгээр асуудлын хүрээнд маргаашийн Засгийн газрын хуралдаанаар илүү дэлгэрэнгүй хэлэлцэхээр болжээ. 

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу