Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүүхдийн төлөө ажилладаг төр, хувийн хэвшлийнхэнтэй уулзлаа.

Уулзалтын үеэр  “Хүүхдийн боловсрол, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хариуцсан байгууллагуудын уялдааг сайжруулах, хүүхдийн зуслан, өдөр өнжүүлэхийн үйл ажиллагаанд анхаарах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн халамж, үйлчилгээ хангалтгүй байгаа, сум, хороонд хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцан ажиллаж байгаа нийгмийн ажилтны ачаалал эрс ихэссэн ч цалин нь бага. Үүнээс болоод хүүхдийн төлөө ажилладаг бүх байгууллага хүний нөөцийн хомсдолд орсон, хүүхэд хамгаалалд төсвөөс олгодог найман тэрбум төгрөг хаанаа ч хүрэлцэхгүй байгаа, гэр бүл болон байгууллага доторх хүүхдийн эрхийг хангуулах, нийгмийн хамгааллийн бодлого сүүлийн 20 жилд алдагдсан” талаар 60 гаруй төлөөлөл санал, хүсэлтээ  хэллээ.Уулзалтын төгсгөлд,

  • Хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагуудын нийгмийн ажилтнуудыг төрийн мэргэжлийн ангилалд шилжүүлэх боломжийг судлах,
  • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын бүтцийг өөрчилж Засгийн газрын тохируулагч агентлаг хэлбэрээр салбар дундын зохицуулалтыг хангуулах, хүүхдийн зуслангуудын хувьчлалд хөндлөнгийн аудит хийлгэх,
  • Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд хүүхдүүдийн болон төрийн бус байгууллагын гэсэн салбар хоёр зөвлөлийг шинээр байгуулж, уулзалтад оролцсон төлөөллөөр шинэчлэх,
  • Хүүхдийн төлөө фондын зарцуулалтыг хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг төр, хувийн хэвшлийнхэн өөрсдөө шийдэх,
  • 2025 онд тэмдэглэх Монголын хүүхдийн байгууллагын  100 жилийн ойн бэлтгэл ажлыг одооноос хангах нь зөв” гэдэг байр суурийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийллээ.    

Хүүхэд хамгаалал, хөгжлийн асуудал нь Монгол Улсын хүний хөгжлийн тэргүүлэх чиглэл байх ёстой, сүүлийн 30 жилд энэ байдал төрийн бодлогын гадна орхигдож ирсэн, үүнийг анхааралдаа авсан гэдгээ Ерөнхий сайд онцлов.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу