Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн долоо дахь удаагийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн ДАШТ/ Австри улсын Вена хотод өнөөдөр /2023.05.30/ эхэлж байна. Тэмцээн зургаадугаар сарын 4-нийг хүртэл үргэлжлэх юм.

Тус тэмцээнд Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд өрсөлдөж буй.

Манай эмэгтэй баг хэсгийн эхний тоглолтоо өнөөдөр 17:25 цагаас Унгарын багийн эсрэг хийж, 19:21 харьцаагаар ялагдал хүлээсэн. Энэ тоглолтод манай баг оноогоор тэргүүлж, сайн тоглосон ч эцсийн мөчид хожигдсон юм. 

Дараа нь, 19:25 цагаас Чех улсын шигшээ багтай тоглолоо. Манай баг мөн л ялагдал хүлээж,  10:21 харьцаагаар тоглолт дууслаа. 

Ингээд манай шигшээ баг хэсэгтээ хоёр хожигдолтой болж, АНУ, Канадын шигшээ багуудтай тоглох үлдээд байна. 

Сануулахад, эмэгтэй шигшээ баг Б.Ариунцэцэг, М.Цэрэнлхам, О.Хулан, Ө.Индра гэсэн бүрэлдэхүүнтэйгээр энэ удаагийн ДАШТ-д оролцож буй. Хэсэгтээ,

  • АНУ,
  • Чех,
  • Унгар,
  • Канад улсын шигшээ багтай С хэсэгт орсон.

Харин эрэгтэй шигшээ баг А.Ананд, Д.Дэлгэрням, О.Энхбаатар, Ц.Отгонжаргал гэсэн бүрэлдэхүүнтэй. Хэсэгтээ,

  • Нидерланд,
  • Швейцар,
  • Япон,
  • Унгар улсын шигшээ багтай D хэсэгт орсон билээ. Улмаар эхний тоглолтоо маргааш буюу тавдугаар сарын 31-нд Унгарын шигшээ багийн эсрэг монголын цагаар 18:00 цагт хийнэ.

Тоглолтыг FIBA3x3 хуудсаар шууд дамжуулж байна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу