МАН-ынхан гэнэт ард түмэндээ хайр зарлалаа. Төрийн албан хаагчдыг цалинг нэмж, ахмадуудын тэтгэврийг 10 хувиар нэмж олгохоор боллоо гэв. Хүсэлт гаргасан хүүхэд бүрд хүүхдийн мөнгө өгнө гэж шоудлаа. Төсвийн орлого 600 тэрбумаар давсан гэж ирээд хоолой цахиртуулан чарлалдаж эхэллээ. Өнөөдрийн Монгол Улс таван төгрөг олчихоод юу ч хамаагүй авч үрдэг гар нь загатнасан пацаан шиг л байна. Угаасаа хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд олгож байхад Сангийн сайд Б.Жавхлан хүүхэд бүрд олгох боломжгүй. Улны айлууд л бараг хүүхдийн мөнгө авч байгаа гэх зүйл ярьж байгаад гэртээ зурагт, угаалгын машин, хашаандаа приустэй айлуудын хүүхдүүдийг мөнгөнөөс нь салгасан. Гэтэл одоо чухам гэгээнтнүүд гарч ирээд буцаад хүүхэд бүрд мөнгө өгнө гэж шоудаж байгаа нь эрүүл хүнээс гарах үйлдэл мөн үү.

Үнийн өсөлтийн дарамтад зүдэрч яваа ахмаддуудын тэтгэвэр 10 хувь нэмэгдэж, төрийн албан хаагчдын цалинг шүлс шиг нэмээд инфляцийг л хөөргөж, үнийн өсөлтдөө улам дарлуулна. Ам.долларын ханшийн савалт суларч байсан бол энэ хорлонтой мэдэгдлийн үр дүнг улсаараа үүрэх болчихоод байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нь энэ талаар бодож байгаа юм байна уу. Цалин, тэтгэврийн жаахан нэмэгдэл чинь ханшийн өсөлтөө ч гүйцэхгүй гэдгийг мэдэж байна уу. Цаашлаад үнийн өсөлт дээр ташуур болгож албаар ингэж улсаа хорлодог байх. Нэг талдаа цалин, тэтгэвэр нэмнэ гэдэг гоё сонсогдох хэдий ч том агуулгаараа энэ улсыг улам мөлхүүлэх гэсэн санаа л яваад байх шиг. 10 хувь тэтгэвэр нэмснээр тэтгэврийн зөрүү улам нэмэгдэнэ. 500 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа хүн 50 мянгаар нэмүүлэх бол нэг сая төгрөгийн тэтгэвэртэй хүн 100 мянган төгрөгийн нэмэгдэл авна. Ингээд л тэтгэврийн зөрүү дахиад тасарч эхэлнэ.

Үүний оронд хэдхэн сар тэвчиж байгаад валютын ханшаа буулгаж аваад нийгмээрээ ханшийн өсөлтөөс алдсан боломжоо нөхөх байсан юм. Ахмад настан, төрийн албан хаагчдын цалинг шүлс шиг нэмж байхаар нийгмээрээ хүртэх боломжоо ингэж алдаж байна.   

Ард түмэн гандангийн тагтаа биш гэдгийг Ардын намынхан хэзээ ойлгох вэ. Та нарын тэнэглэл эдийн засгийн үр ашгийн тооцоололгүй шийдвэрүүд чинь энэ улсыг хөмөрсөн тогоон дотроос хэзээ ч гаргахгүй юм байна. Боловсролын зээлийн сангаар ард түмнийг жаахан бужигнуулж байгаад Үндсэн хуульдаа нэмэлтээ хэл амгүй оруулчихья гэсэн чинь О.Батнайрамдал нь жоомоо биш байшингаа шатаачихсан. Байшингийн эзэд бөөн уур байгаа. Харин ард түмэн үүнийг нь хараад баясаж суугаа. Тиймээс түмний хилэнг зөөллөхийн тулд түр зуурын гал намжаах арга нь цалин, тэтгэврийн амсуулах төдий нэмэгдэл, хүүхдийн мөнгө болж таарч байгаа юм. Оны эцэст улсаараа мөлхөж, гадаад өр төлбөрөө төлж дийлэхгүй хэвтэж байх юм биш биз. Валютын ханш нь зогсоож дийлэхгүй хурдаа авчихсан их л эвгүй дүр зурагтай байвал хариуцлагыг нь хэн үүрэх вэ. Б.Жавхлан бол хариуцлага үүрээд байх хэмжээний хүн биш. Сайдаа хаяад явчихаж мэднэ. Эцсийн эцэст бүх ачаа ард түмний нуруун дээр л ирнэ. Шилний цаанаас чихэр долоолгож байгаад МАН-ынхан ирэх сонгуульд дахин ялалт байгуулах л ганц хүсэл байгаа.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу