“Засгаас чинь гарна” гэж хэлснийх нь төлөө айж байгаа бол Засгийн газар байгаад яах вэ дээ. Ийм бор шувуу нисэж эхэллээ. Хөгшин хүн үхэхээрээ айлгана гэдэг шиг Засгаас чинь гарна гэж айлгадаг ганцаар тогтохгүй гишүүн Засгийн газарт байгаа. Ц.Даваасүрэн сайд Үндсэн хуульд оруулах нэмэлтийн төслийг орон нутагт танилцуулан иргэдтэй уулзалт хийж явахдаа гишүүдийн тоог нэмэх тал дээр ёозгүй байгаа гэдгээ ил цагаан хэлж байсан.  Сонгуулийн холимог тогтолцоог дэмжихгүй гэж байв. Иргэдийн зүгээс цалин тэтгэвэр нэмэх боломжой юу гэхэд “Намайг Сангийн сайдаар тавьчихбал цалин, тэтгэвэр нэмэгдэнэ. Тийм болохоор наадуул чинь намайг Сангийн сайд болгодоггүй” хэмээн иргэдийн асуултад хариулж байснаас харахад Барилга, хот байгуулалтын сайд нь түүнд багадсан байх.

Ц.Даваасүрэн хэзээнээс бүлгийн шийдвэрийг дагахаас илүү хувь улстөрчийн байр суурийг илэрхийлж, асуудалд хандаж ирсэн. Нүдэлдвэл нүдэлдчихнэ, үсдэлцвэл үсдэлцэнэ, үнсэлцвэл бас үнсэлцчихэж чадна. Аль ч хувилбар дээр ашигтай нүүдэл хийчихдэг. Энэ засагт уг нь Барилга хот байгуулалт бус Сангийн сайд л хийх хүсэлтэй байсан гэдэг.

Сүүлийн үед Боловсролын зээлийн сангийн асуудал сөхөгдөж, охин нь гадаадын их сургуульд БЗС-аар суралцсан тул Ц.Даваасүрэн рүү хэсэг л боргов. Түүн рүү чиглэсэн бүх зүйл дээр хэл амаа билүүддэг сайд энэ удаа тун болгоомжтой аргадангүй байдлаар хандаж байгаа харагдсан. Өөрийнх нь нэрээс илүү охиных нь нэр явж байгаа болохоор эцэг хүний хувиар их л зөөлөн хандаж байх шиг. Гэхдээ Ц.Даваасүрэн сайд “Мөнгийг нь эргүүлж төлөхгүй. Миний охин өөрийн чадлаараа авсан” гэж байгаа харагдсан. Боловсролын зээлийн сангийн асуудлаас үүдэж УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэд хэдэн гишүүн тун таагүй явах болсон байна. 

Ц.Даваасүрэн сайд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг дэмжихгүй гэдгээ хэлсэн. Ямар ч дарамт, шахалт ирсэн дэмжихгүй гэсэн юм. Тэгвэл ЗГХЭГ-ны дарга Д.Амарбаясгалан “Засгийн газрын гишүүн нь Засгийн газрынхаа бодлого шийдвэрийг дагаж, мөрдөх зарчимтай” гэдгийг хэлж байна. Нэг үгээр хэлбэл танхимын зарчмаа дагаж мөрдөхгүй бол сайдын суудлаас буулгана гэсэн үг. Үүнийг мэдэхийн дээдээр мэдэх хүний хувьд Ц.Даваасүрэн сайд “Сайдын албан тушаалаа өгөхөд айх юм байхгүй” хэмээн хэлсэн гэх яриа Төрийн ордонд дуулдах болов. Хэрэв тийм зүйл болбол Засгийн газрын эсрэг зогсох хүний тоогоор улам нэмэгдэнэ гэсэн үг. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу