Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. /2023.05.31/

Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан “Өнгөрсөн гурван жилийн хугацаанд бид цар тахал, геополитикийн хүнд үеийг даван тууллаа. Эхний хоёр жилд нь төсөвт тодотгол хийж байсан. Гэхдээ тухайн үед төсвийн хүндрэлтэй нөхцөл байдалтай, төсвийн орлого бүрдэлт маш дутуу байсан тул төсвийн алдагдлыг нэмэгдүүлж, тухайн хүнд үеийг давсан. Гэсэн хэдий ч Засгийн газраас өнгөрсөн жилүүдэд экспортоо нэмэгдүүлэх, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, төсвийн алдагдлыг бууруулах, гадаад өрийн тогтвортой байдлаа хангах зорилгоор шат дараатай арга хэмжээнүүдийг авчны үр дүнд өнгөрсөн оны сүүлээр манай улсын эдийн засаг харьцангуй тогтворжиж, энэ оны нэгдүгээр улирал хүртэл тогтвортой байдал маань хадгалагдаж байна. 

Өнгөрсөн онд олон улсын байгууллагууд манай гадаад вальютын нөөцийг 2 тэрбум ам.доллар байна гэсэн төсөөлөлтэй байсан бол одоо 3.8 тэрбум ам.долларт хүрлээ. Өнгөрсөн жил төсвийн алдагдлаа бид 1,5 их наяд төгрөгөөр бууруулж, энэ хэмжээгээрээ зардлаа өсгөлгүй, барьж чадлаа. Мөн 2023, 2024 онд учирч болох байсан гадаад өрийн дефолтоос бүрэн ангижирсан. Үүний үр дүнд төсөв тодотгох боломж гарч байна.

Төсөв тодотгол хийж, цалин, тэтгэвэр нэмж байгаа нь сонгуулийн шоу биш. Бидэнд боломж гарч буй хамгийн эхний цаг хугацаа юм. Харин энэ цагаас хойш, сонгууль дөхөх тусам янз бүрээр хэлэгдэх байх.

Дараах таван гол чиглэлийн хүрээнд төсөвт тодотгол хийнэ. Үүнд,

  • Төрийн албан хаагчдын суурь цалинг нэмнэ. Үүнд 986,6 тэрбум төгрөг зарцуулна.
  • Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр арилгаж, дараа нь 10 хувиар нэмнэ. Үүнд 394,6 тэрбум төгрөгзарцуулна. 
  • Хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрд өгнө. Мөн өнгөрсөн зургаан сарын хугацаанд авч чадаагүй хүүхдүүдийнхийг нөхөж олгоно. Үүнд 167,2 тэрбум төгрөг тодотгоно. 142,4 мянган хүүхэд нэмэгдэж, хамрагдахаар байна.
  • Халамжийн тэтгэмжийг өсгөнө. Үүнд 90 тэрбум төгрөгийг зарцуулахаар тодотгоно.
  • Түгжрэлийг бууруулах чиглэлд 187 тэрбум төгрөгийн санхүүжилт дутсаныг, нэмж олгоно.

Ийм таван зүйлийг үндэслэж, төсөвт 1.8 их наяд төгрөгийн тодотгол хийнэ. Үүнд нэг сая иргэн хамрагдана” гэлээ. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу