Баянгол дүүрэгт С.Эрдэнээс хойш тодорсон “ван” бол Оргилын гэх тодотголтой Жамбалын Ганбаатар юм. Мөнгө байхад улс төрд орж болдог, тэр бүү хэл Байнгын хороо даргалж, Засгийн газрын гишүүн сайдаар ажиллаж болдгийг өөрийн биеэр үзүүлж яваа нэгэн.

Ж.Ганбаатар жил бүр сар шинийн өмнө Баянгол дүүргийн ахмадуудыг Улаанбаатар паласт урьж, улаан торонд хэдэн чихэр, боов шоовхон хийж өгөөд явуулдаг. Ер нь бол сонгуулиас сонгуулийн хооронд амьдардаг манай улстөрчдийн санал хуралдаж авах хэлбэр нь ахмадууддаа хүндэтгэл үзүүлж байгаа нэрээр ийнхүү саналаа баталгаажуулдаг гэхэд болно. Иргэд нь улаан торонд юм авахдаа ичдэггүй, амьдралын түвшин доогуур байгаа нь Ж.Ганбаатар мэт тороор юм тараагчдад дахин сонгогдох хамгийн том боломж болсоор байна. Тиймээс тэд бодлого боловсруулж улаан тор хүлээдэг бус улаан гараараа хөдөлмөрлөж амьдрах боломжийг бүрдүүлж өгдөггүй юм.

Мөнгөтэй хүнд хэдэн зуун ахмадад хэдэн кг чихэр тарааж, хэдэн сугалаа явуулчихад нэг их гайхах юм байхгүй. Өөрийн бизнесээ амь бөхтэй оршин тогтнуулахын тулд энэ байтугайг гаргах бүрэн боломжтой юм. Наймаачид ингэж л улс төрд оршин тогтнож ирсэн, цаашид ч оршин тогтноно гэдгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар яруу тодоор харуулж яваа. Чихрийн наймаачнаас уул уурхайн бодлого тодорхойлохоор маш том салбарыг чихэр мэт хүлхэж явна.

Ж.Ганбаатарын тухайд нэлээд хэдэн жил ахмадын алга дээш нь харуулах нэрийдлээр шууд бус авлигаа өгсөөр байна. 2019 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр тэр мөн л ахмадуудад улаан торонд гурил, цагаан будаа, чихэр савлан өгч байхад замбараагүй байдал үүсч 83 настай ахмад настан Ч ухаан алдан унаж, нас барсан харамсалтай хэрэг гарч байсан. Гэвч тэр үүнээс сургамж авч хаширсангүй, дахин чихэр тараажээ. “Монгол төрийн ой санамжинд Монгол хүн хамгийн тод байгаасай” гэх популист урианд дор өчигдөр ахмадуудыг мөн бөөнөөр нь цуглуулаад амжсан байна. Улаан торноос уйдаггүй улайсан сайд Ж.Ганбаатар ирэх есдүгээр сард сонгууль болно гэсэн ам дамжсан ярианаас урьтаж ийнхүү ахмад настнуудын саналыг “авлах” гарын бэлгээ тараасан байгаа юм.

Тэр ахмад настнуудаар тогтохгүй Ерөнхий боловсролын сурагчдын дунд “Шилдэг бизнес төсөл” нэртэй уралдаан зарлаж шинэ үеийн залуусаас санал түүх ажлыг хийдэг. Шилдэг төсөл нэртэй 300 мянган төгрөгийг тараах нь түүний хувьд ирээдүйд саналаа өгөх залуусыг өөртөө татах хамгийн хямд өртөг л дөө. Гэнэн хүүхдүүдийн сэтгэл зүй дээр бохир улс төрөө нутагшуулахаар тэр ийнхүү таван жил дараалан хүүхдүүдээр “наадаж” яваа хүн. Түүний өгсөн хэдэн төгрөгөнд хүүхэд баярлана уу гэхээс ирээдүйн сонгогчдоо бэлдэх адгийн заль хэрэглэж байгаа гэдгийг нь хүүхдүүд огтхон ч мэдэхгүй яваа. Ж.Ганбаатар сайдын ямархуу харилцаа хандлага, туслах зөвлөхүүдтэйгээ хэрхэн харилцдагийг ил болгосон зураг цахим орчинд тарсан. Ж.Ганбаатар өөрийн зөвлөх М.Энхмэндийн чих рүү хөмхийгөө зуугаад нясалж байгаа нь түүний жинхэнэ дүр төрх болохыг ойр дотны хүмүүс нь баталдаг. 

Гийж гийгүүлсэн гавьяагүй ч энэ мэтчилэн сонгуульдаа бэлдэх улстөрчид улс орны өнцөг булан бүрт бэлчиж явна. Улаан намын улаан тортой гишүүд улс төрд үлдэхийн тулд энэ мэтчилэн иргэдийн итгэл дээр таанц эргэж яваа шүү. Иргэд хэрсүү байх цаг болсон.

Үргэлжлэл бий…

Э.БОЛД