Монгол Улсын Их хурал өнгөрөгч баасан гарагт Хүүхдийн баярын урд өдөр амжуулж, олны анхаарал сарнисан үед Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслөө баталлаа. Энэ удаа Үндсэн хуульд өөрчлөлт оруулснаар нэг танхим бүхий парламент нь 126 гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн 78 гишүүнийг тойргоос, 48 гишүүн намын жагсаалтаар орж ирэх боломжийг нээж, сонгууль хосолсон холимог тогтолцоогоор явахаар болсон.

Сүүлийн дөрвөн жилд гурван удаа Үндсэн хуульдаа гар хүрснээр 30 жил гудамжинд жагсаж байгаа нөхөд гишүүн болох боломж бүрдэв. Буян Жагаа гудамжинд “Бүгд найрамдах намыг дэмжээрэй. Орж байгаад наадуулын чинь арьсыг нь хуулаад өгнө” гэхэд тодорхой хэмжээний дэмжигчдээсээ санал авчихна. Тэгэхээр зовлонгүй намынхаа жагсаалтаар гишүүн болчихно гэсэн үг. УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай гэхэд 2020 оны сонгуульд нэр дэвшсэн ч коронавирусны хөл хорионоос болоод биеэрээ сурталчилгаа хийж чадаагүй ч гурван мандаттай Хөвсгөл аймагт дөрвөөр жагссан байдаг. Түүний хувьд цахим орчинд лайв хийсээр байгаад Ард түмнээ хайрлая намын дарга эхнэр Л.Аззаяатайгаа хамт намын жагсаалтаар гишүүн болчих боломж хангалттай байна.

Монголын ууган намуудын нэг гэгдэх Монголын ногоон намын дарга О.Бум-Ялагч гэхэд 30 жил гудамжнаас хийсэн улс төрдөө цэг тавьж парламентын босго давна гээд бод. Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар УИХ тар, УИХ-ын гишүүд болохгүй, бүтэхгүй байна гэдэг үгээ хэлэхээ больж, өөрөө тэдэнтэйгээ тохой залган сууна. Гэх мэтчилэн улс төрд хүч үзэх дуртай олон өнгө парламентад бүрэлдэнэ.

МАН одоогийн 62 суудал дээрээ нэмээд хоёрхон суудал нэмээд авчихад үнэмэлэхүй олонх болж, дахин дөрвөн жил эрх барих боломжтой болох юм. Хэрэв Үндсэн хуульд өөрчлөлт оруулаагүй бол нүүрсний хулгай, Хөгжлийн банк, нийслэлийн газрыг зарсан дарга нар, Засгийн газрын тусгай сангуудыг тоносон эрх бүхий хүмүүсийнхээ балгийг үүрд ялахад тун хэцүү болох байсан. Харин одоо айдгаа авдартаа хийж, засаглах бүрэн эрхээ дөрвөн жилээр сунгачихлаа. Энэ бол МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, генсек Д.Амарбаясгалан нарын нүүдэл байв. Авлига, албан тушаалын хулгайч нараа нэр дэвшүүлэхгүй гэсэн МАН-ын залуу удирдлагуудын шийдвэр хэрэгжих бүрэн боломж бүрдэнэ. Нэр дэвших мандатаа бүлэглэлүүддээ хуваагаад өгчихдөг юмаа гэхэд жагсаалтын 48 квотоо бүрэн атгах боломжтой юм. Урьдчилсан тооцооллоор 126 нэр дэвшигчээс 80 орчим нэр дэвшигч, жагсаалтад орох хүнийг Л.Оюун-Эрдэнэ өөрийн хүмүүсээр тавьж, хүчээ бэхжүүлэх боломж бүрдэж байна.

Э.ТЭНҮҮН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу