Монголд хүн биш хууль засагладаг болно хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэдэгдсэн. Тэгвэл цагдаа Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхдаа авлига авсан, мөнгө угаасан байж болзошгүй хэрэгт холбогдон Улсын мөрдөн байцаах газарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж явсан Нямдаваагийн Хүрэлбаатар өнөөдөр Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн захирлаар ажиллаж байна.

Түүний намтрыг сөхвөл ЭМШУИС-д багш, тэнхимийн эрхлэгч, Мэргэжил дээшлүүлэх институт, Био анагаахын сургуулийн захирал, Халдварт өвчин судлалын төвийн захирал, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Эрүүл мэндийн сайд, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зөвлөхөөр ажиллаж байсан. Харин 2020 оны 8 дугаар сард Ерөнхий сайдын зөвлөхөөс АШУҮИС-ийн захирлын албанд очсон.

Сү.Батболдын Засгийн газарт Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан Н.Хүрэлбаатар нь 2013 онд интерполоор эрэн сурвалжлуулж байсан удаатай. Сү.Батболдын дотны найз хэмээн улс төрийн хүрээнд түүнийг ярьж ирсэн. 2011 оны тавдугаар сард Н.Хүрэлбаатарын “нууц” хүү болох Х.Энхбат найз охины хамт “Рапид харш” хотхоны 5А байрны … дугаар тоотот амьдарч байхдаа гэрээсээ их хэмжээний мөнгөтэй сейф хулгайд алдсан байдаг. Тухайн үед сейфэнд 2 сая 145 мянган юань буюу одоогийн ханшаар 1 тэрбум гаруй төгрөг, 6000 ам.доллар буюу одоогийн ханшаар 20 гаруй сая төгрөгтэй тэнцэх хэмжээний гадаад валют хадгалж байсан нь мөрдөн шалгах явцад ил болсон.

Тухайн үед экс сайд Н.Хүрэлбаатарын хүү Х.Энхбат “Миний аав болох Н.Хүрэлбаатар надад энэ сейфтэй мөнгийг хадгалуулсан. Энэ байрыг ч мөн аав маань 2011 оны хоёрдугаар сард худалдан авч өгөөд хананд нь сейф суурилуулсан” гэсэн мэдүүлэг өгснөөр аав, хүү хоёрын нууц ил болж, тухайн үедээ л хэвлэлийн хуудсуудын нүүрийг дүүргэж байсан юм. Төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүний хүүхэд их хэмжээний бэлэн валют гэртээ хадгалж байгаад хулгайд алдсан нь хуулийн байгууллагынханы анхаарлыг татсан байдаг. Тэрбээр дээрх мөнгөө “Манай баз Батаагийнх”, дараа нь “Энэ мөнгөөр буяны сүм барих гэж байсан”, сүүлдээ “Ядууст зориулсан эмнэлэг барих гэсэн юм” хэмээн хэлсэн байдаг. Эцэст нь “Хүний юм. Намайг шударга хүн болохоор нь хадгалуулсан юм” гэж хэлж гэдэг. “Тэр “нууц” хүүтэй, “нууц” хүү нь байртай, байрныхаа хананд сейфтэй, сейфэндээ их хэмжээний мөнгөтэй, тэр мөнгө нь экс сайдынх байсан” гэх явган яриа гарч байлаа. Тэр их хэмжээний валют ямар замаар хэрхэн Н.Хүрэлбаатартай холбогдсон, ямар шугамаар олж авсан нь анхаарал татдаг.

2013 оны 6 дугаар сард Цагдаагийн Ерөнхий газраас эрэн сурвалжилж байгаа талаар мэдээлэл хийж, түүнийг Чингис хаан олон улсын нисэх буудалд газардахад нь ШШГЕГ-ын 461 дүгээр хорих ангид сүр дуулиантай саатуулж байсан. УМБГ-аас хэргийг харьяаллын дагуу АТГ-т шилжүүлснээс хойш түүний хэрэг замхарсан байдаг.

Мөн Н.Хүрэлбаатарыг сайдаар томилогдсоны дараа Төрийн нарийн бичгийн даргаар очиж байсан очсон Н.Түмэндэмбэрэлийг эмнэлэгт тоног төхөөрөмж нийлүүлэх нэрээр 1.7 тэрбум төгрөг завшсан хэмээн сэжиглэж, УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан шалгаж, Эрүүгийн цагдаагийн газарт шилжүүлж, уг хэрэгт холбогдуулан Н.Хүрэлбаатарыг УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан шалгаж байв.

Хүн биш хууль засагладаг болно хэмээн мэдэгдэж байсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа ийнхүү авлига авсан, мөнгө угаасан байж болзошгүй хэрэгт холбогдсон хүнийг зөвлөхөөрөө авах үед олон нийт эгдүүцэж байсан юм. Тэрбээр шударга ёсны төлөөх тэмцлээ эхлүүлээд байсан үе болохоор аргагүй биз. Төрийн тэргүүний Монголын төрд хууль журам зөрчсөн, шоронгийн босго алхсан, шударга бус хүмүүсийг ойртуулахгүй гэсэн амлалт талаар болж, нуусан мөнгө, нууц хүүхэд нь ил болж олныг алмайруулж байсан Н.Хүрэлбаатар АШУҮИС-ийн захирлаар ажилласаар байна.

Эрх баригч МАН Бага хурлаа хийж намын Ерөнхий нарийн бичгийн даргаа сонгох учиртай. МАН одоогийн дүрмээрээ Ерөнхий нарийн бичгийн дарга нь давхар албан тушаал эрхэлж болохгүй байх заалттай. ЗГХЭГ-ын даргаар ажиллаж буй Д.Амарбаясгаланг Ерөнхий нарийн бичгийн даргаас буулгаж гэмээнэ Я.Содбаатар эрх баригч намын генсекээр очиж, Н.Хүрэлбаатар ЕТГ-ын дарга болох тохироо хийгдсэн талаар намынхан нь ярьдаг.

Хууль засаглаж, хулгай хийсэн хүмүүс нь төрийн албанаас, ЕТГ-ын дарга бүү хэл түмэн олныг эмчлэх эмч бэлтгэн гаргадаг сургуулиас ч энэ мэт хүмүүсийг хол байлгамаар байна даа.

Э.БОЛД