Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээгээр нэгдүгээр сарын 31-ээс цас орж, хүйтний эрч чангарах нь ээ. Тодруулбал, нэгдүгээр сарын 30-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 31-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, хоёрдугаар сарын 1-нд Халх голын хөндийгөөр цас орно.

Салхи нэгдүгээр сарын 31-нд нутгийн зарим газраар, хоёрдугаар сарын 1-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Нэгдүгээр сарын 31-нээс ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө -33…-38 градус, өдөртөө -20…-25 градус байна. Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -26…-31 градус, өдөртөө -15…-20 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -15…-20 градус, өдөртөө -4…-9 градус, бусад нутгаар шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -9…-14 градус хүйтэн байна.