С.Эрдэнийн тэргүүлсэн АН-ын даргын сонгууль өчигдөр явагдаж дууссан. Тус намын даргын сунгаанд долоон хүн нэр дэвшин өрсөлдөж, цахимаар санал хураалт явагдсан юм. УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай С.Эрдэнийн Ардчилсан намын даргын сунгаанд оролцсон талаарх сэтгэгдлээ илэрхийллээ. 

Тэрбээр “Санал хураалтын дүн миний бодож байснаас өөр гарсан. Цахим сонгуульд чухам юу болоод өнгөрснийг мэдээгүй. Нэр дэвшигчдээс ямар ч ажиглагч оруулаагүй. Дотоод сонгуулийн хороо санал хураалтаа яаж явуулж, дүнгээ яаж нэгтгэн гаргаж, хэн хэдэн санал авсан нь тодорхойгүй байсан. Миний хувьд дэлгэцэн дээр нь ганц кноп дараад бүх мэдээлэл гарч ирэх юм байх гэж бодсон ч дэлгэцэн дээр юу ч гараагүй. Дэлгэцтэй өрөө нь таг харанхуй. Цаг гаруй Дотоод сонгуулийн хорооныхон нь хуралдаад дүнгээ танилцуулсан. Ялж, ялагдах нь сонин биш. Шударга баймаар байна. Цахим сонгууль гэж луйвар хийгээд байна уу. Нэр дэвшигчдээсээ мөнгө авч дэвшүүлсэн. Зүгээр нэг мөнгө хулгайлж, луйвардах хэрэгсэл юм уу. Үүнийг хуулийн байгууллагаар шалгуулах нь зөв. Эднийг ингэж даврааж, өөгшүүлж болохгүй. Тиймээс цахим сонгуулийн процессийг шалгуулахаар гомдол гаргана. Хэнд ч мэдэгдэхгүй, нууцаар залилан хийсэн шүү. Монголоор дүүрэн хулгайчид байна. Цахим сонгууль гэж хулгай, луйвар байж магадгүй юм байна” гэсэн юм.