Тамга сандайлна гэж байдаг бол Ардчилсан намд л энэ явдал болж байна. Ардчилсан намаа 2016 оны сонгуульд ялагдуулсан гашуун үнэндээ гүйцэгдэж З.Энхболд хариуцлагаа хүлээн С.Эрдэнэд намын тамгаа шилжүүлж байв. Түүнээс хойш тамган дээрээ сандайлсан С.Эрдэнэ бурхан, буг хэн нь ч ирсэн тамгаа тас зуурсаар өнөөдрийг хүрэв. Нам дотроо С.Эрдэнэ, Х.Баттулгын гэж хоёр хуваагдсан бол сүүлдээ Л.Гантөмөр гэх тамганы төлөөх фракц нэгээр нэмэгдсэн.

С.Эрдэнэ 2020 оны УИХ-ын сонгуульд намаа навс ялагдуулсныхаа шанд хариуцлагаа хүлээн УИХ-ын гишүүн Ц.Тувааныг намын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилон тамгаа атгуулсан. Гэсэн ч Ц.Туваан гишүүн С.Эрдэнээс зайгаа авах болсноор Улсын дээд шүүхэд дээр дооргүй бичиг шидсээр байгаад С.Эрдэнэ тамгаа өөртөө үлдээсэн. Түүнээс хойш М.Тулгат, О.Цогтгэрэл, Х.Баттулга, Л.Гантөмөр нар намын даргаар сонгогдсон ч хэн нь ч тамгаа авч дийлээгүй.

Өнгөрөгч амралтын өдрүүдээр С.Эрдэнийн гэх АН-ынхан намын даргын сунгаагаа хийж, УИХ-ын гишүүн Д.Ганбат олонхийн санал авч ялалт байгуулсан гэж мэдэгдсэн. Гэвч С.Эрдэнэ тамгаа өгсөнгүй. Тамганыхаа оронд батламж гардуулчихаад “Намын даргын сунгаанд ялалт байгуулсан Ганбатад баяр хүргэе. Улсын дээд шүүх бүртгэж авсны дараа тамгаа гардуулна” гэсэн зүйл цахим хаягаараа дамжуулан мэдэгдсэн харагдана лээ. Үүнээс үзэхэд С.Эрдэнэ Д.Ганбатад ч тамгаа өгөхгүй нь тодорхой харагдаж байгаа юм.

АН даргаа батламжилсан ч хоёр талаас намын даргаа бүртгүүлэх бичиг Улсын дээд шүүхэд шидсэн ч “Намын дотоод асуудлаа шийдээд албан ёсоор нэг албан бичгээр ханд” гэдэг хариу аваад хоёр жил болж байна. Саяхан Л.Гантөмөрийг намын даргад бүртгүүлэхээр бичиг хүргүүлсэн бол араас нь С.Эрдэнийнхэн яаран сандран хуралдсан болж нэг албан бичиг Улсын дээд шүүхэд хүргүүлэх нь тодорхой болоод байна. Дээд шүүхийн хариу маш тодорхой. “Хоёр албан бичиг ирлээ. Та нар дотоод асуудлаа шийдээд дахин ханд” гэнэ. Ингэснээр тамга Л.Гантөмөр, Д.Ганбатын хэнд нь ч очихгүй С.Эрдэнэдээ л үлдэнэ.

Тиймээс Ардчилсан намынхан С.Эрдэнийн сандайлсан тамгыг үнэг турж үхэх мэт хүлээж байхаар тэр тамгыг нь өөрт нь үүрд хадгалуулж, намын шинэ тамгаа хийлгэж авах нь илүү хурдан бололтой.