Ромын Пап Францис наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 4-ний өдрүүдэд Монгол Улсад айлчлах гэж байгаа талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын цахим сайтад мэдээлсэн байна. Өнгөрсөн оны наймдугаар сард Ромын Пап Францис Монгол дахь католик сүмийн тэргүүн, Италийн хамба Жиоржио Маренгог Монгол дахь католик шашны анхны их хамба ламаар өргөмжилсөн.

Монгол Улсад 1300 орчим католик шашинтан амьдардаг ч Хятадтай хил залгаа оршдог учраас Ромын Католик сүмийн хувьд стратегийн чухал ач холбогдолтой гэж үздэг байна. 

Ватиканы “Fides” номлолын үйл ажиллагааны мэдээллийн агентлагийн мэдээлснээр, 3.3 сая орчим хүн амтай Монголд 1300 орчим адис хүртсэн католик шашинтнууд байдаг аж. АНУ-ын Төрийн Департаментын мэдээллээр, хүн амынх нь 60 орчим хувь нь өөрсдийгөө шашин шүтлэгтэй гэж тодорхойлдог бол үлдсэн хэсэг нь шашин шүтдэггүй байна. 

Шашин шүтлэгтэй хүмүүсийн 87.1 хувь нь өөрсдийгөө буддистууд, 5.4 хувь нь лалын шашинтнууд, 4.2 хувь нь бөө мөргөл, 2.2 хувь нь христэд итгэгчид, 1.1 хувь нь бусад шашныг дагагч гэж тодорхойлдог аж. Хэдийгээр Монгол дахь католик шашинтнуудын тоо олон орны ихэнх сүм хийдтэй харьцуулахад бага боловч тус улс Ватиканд ихээхэн ач холбогдолтой. Учир нь Монгол Улс Хятадтай хиллэдэг, нягт харилцаатай. Харин Ватикан коммунист дэглэмтэй БНХАУ дахь католик шашинтнуудын нөхцөл байдлыг сайжруулахыг хичээж байгаа аж. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу