УИХ-ын дарга Г.Занданшатар хаврын чуулганыг Авлигын эсрэг чуулган байна хэмээн зарласан. Засгийн газар ч авлига, албан тушаалын хэргүүдийг дэлгэхээ зарлаж, түүнд холбогдсон хүмүүсийг эх оронд нь авч ирэх талаар мэдэгдэж байв. Оны өмнө сүр дуулиантай эхэлсэн нүүрсний гэх хэрэг нам гүм болчихлоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон хүмүүсийн толгойг илэхгүй гэдгээ зарласан ч өнөөдрийг хүртэл үнэндээ толгойг нь илж ирлээ. Анх нэр зарлагдсан 17 хүнээс УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн, Б.Баттөмөр нарыг нүүрсний хэрэгт холбогдуулан шалгаж, гэм буруугүй болохыг нотолж алга дарам цаас АТГ-аас тэдэнд өгсөн байдаг. Тэгвэл үлдсэн хүмүүсийнх нь нүүрсний гэх хэрэг юу болж байгаа нь бүрхэг байгаа юм.

УИХ-ын гишүүн Г.Ганболдоор ахлуулсан ажлын хэсэг Нүүрсний сонсголоо хийж чадалгүй гурван сар гаруй болоотхов. Олон хүний эрх ашгийг хөндсөн Нүүрсний сонсголыг хийж чадахгүй юм байна гэдгээ ч тойруугаар илэрхийлчихсэн. МАН-ынхан Нүүрсний сонсгол хийе гэвэл МАН-ын удирдах албан тушаалтнуудаас эхлээд бүгд нүүрсний хулгайн хэрэгт сэжиглэгдэн нэрс нь гарч ирэх нь дамжиггүй. Тиймээс сонсгол л холуур өнгөрөг гэж ханцуйдаа залбирах хүмүүс олон байгаа.

Үндсэн хуульдаа өөрчлөлтөө оруулсан парламент нүүрсний хэрэг дээр тулж ирээд гацсан нь Авлигын эсрэг чуулган гэдэг худлаа болж байгааг харуулж байгаа юм. Нүүрсний хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат өөрийн хүсэлүтээр УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдсөн бол УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Тиймээс нүүрсний хэрэг хуйхлаад өгөх нь гэтэл ганц л алхам урагшилсангүй. Энэ улсад нүүрсний хулгай гэж байгаагүй юм шиг л нам гүм болчихлоо. УИХ-ын гишүүн Т.Доржханд 40 их наядын хулгай бий гэж байсан ч сүүлдээ мань эр ч таг болчихсон.

Нүүрсний хулгайтай зэрэгцэн Ерөнхийлөгч асан Х.Баттулгын гар дүрсэн гэх оффтейк гэрээний асуудлууд сөхөгдсөн ч мөн л аниргүй болчихлоо. Ер нь энэ улсад хулгайтайгаа тэмцэх хүсэл сонирхолтой хүмүүс хэр байгаа юм бол гэж харахад хүрч байна. Нүүрсний хулгай байгаа бол зарлаад, ил тод нээлттэй явмаар байна. Үнэхээр хулгай байхгүй бол тэрийгээ ч мөн хэлмээр байна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу