УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн /2023.06.05/ хурал дуусжээ. Хурлаар хэлэлцсэн асуудал болон гаргасан шийдвэрийн талаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг танилцууллаа. 

Бүлгийн хурлаар энэ хаврын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдийн дарааллыг гаргасан байна. 

Энэ талаар тэрбээр “Бид сая Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хийж дууссан. Одоо хэлэлцэж, шийдвэрлэх хэд хэдэн чухал хуулийн төсөл байгаа. 

Наадмаас өмнө дараах хуулиудыг хэлэлцэж, батлахаар төлөвлөлөө. Үүнд, 

  • УИХ-ын сонгуулийн тухай хуулийг энэ зургаадугаар сарын 23-наас өмнө батлах учиртай. Тэгэхээр эхлээд энэ хуулиа хэлэлцэж, хийе гэж ярилцлаа. 
  • Улс төрийн намын тухай хуулийг хэлэлцэнэ. 
  • Боловсролын багц хууль хүлээгдэж байгаа. Уг нь хэлэлцэх эсэх нь дэмжигдээд хэлэлцэж байсан боловч хойшлуулсан. Тийм учраас энэ хуулийн төслийг ойрын хугацаанд хэлэлцэхээр тохирлоо. 
  • Нийгмийн даатгалын багц хуулийг хэлэлцэнэ.
  • Төсвийн тодотголыг энэ лхагва гарагт Засгийн газраас өргөн барина гэсэн. Улмаар пүрэв, баасан гарагийн чуулганы хуралдаанаар хэлэлцэж эхэлнэ. 

Дээрх хуулийн төслүүдээс гадна УИХ-ын гишүүд, Засгийн газрын зүгээс зарим нэг хуулиудыг боломжоороо хэлэлцэх хэрэгтэй байгааг хэллээ. Тухайлбал, Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн хэмнэлтийн тухай хууль гэх мэт зарим зайлшгүй хуулиудыг амжиж хэлэлцэхийг хичээнэ.

Мөн интернэт бооцоот тоглоомыг зохицуулах хууль байхгүйн улмаас олон хүмүүс хохирч байна. Тийм учраас энэ хуулийг боловсруулах ажлын хэсэг гарсан байгаа. Энэ хуулийг амжвал хэлэлцэнэ. 

Шүгэл үлээгчийн тухай хуулийг мөн амжаад хэлэлцэхээр ярилцаж байна” гэлээ. 

Үүний дараа, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийн талаар тодорхой зүйлс ярилцсан эсэхийг асуухад тэрбээр “Тусгайлан задалж, тодорхой зүйл хэлэлцээгүй. Харин сонгуулийн зардалтай холбоотой асуултыг гишүүд тавьсан. Зардлыг 42-50 хувиар бууруулах, ухуулагчийн тоог цөөлөх талаар яригдсан. Гэхдээ Ажлыг хэсэг гарсны дараа нарийн ярилцахаар болсон” хэмээн хариуллаа. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу