ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өнөөдөр /2023.06.05/ Шувуу ажиллагааны талаар хэвлэлд мэдээлэл өглөө.

Тэрбээр “Шувуу ажиллагаагаар энэ долоо хоногт нэлээд олон хүнийг авч ирэх гэж байгаа.  МИАТ компанийн нислэгээр тодорхой тооны хүмүүсийг авч ирэхээр төлөвлөөд, БНСУ-ын хууль сахиулах байгууллагуудтай хамтарч ажиллаж байна.

Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийг авч ирж мөрдөн шалгахаас гадна бусад эрүүгийн хэрэгт холбогдсон хүмүүсийг авчрахаар ажиллаж буй. Энэ ажилд ахиц гарч байна.

Үүний хажуугаар өөрсдөө сайн дураараа ирж, шалгуулж буй хүмүүс ч бий. Бид хоёр ч удаа 92, 128 хүний жагсаалт гаргаж, зарласан. Үүнээс одоогоор нийт 20 гаруй хүнийг албан ёсоор авч ирээд байна.

Авлигатай тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийн газартай хамтран албан ёсны тодорхой мэдээллийг удахгүй танилцуулахаар төлөвлөсөн. Гэвч энэ ажил хоёр долоо хоног хойшиллоо. Чадвал энэ долоо хоногийн Лхагва гаригт, Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулсны дараа “Шувуу” ажиллагааны явцын талаар мэдээлэл хийнэ.

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, “Тавантолгой төмөр зам” компанийн гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргал нарын байгаа улсын хууль сахиулагчидтай хамтран ажиллаж байна. Энэ хүмүүстэй холбоотой гүйлгээ хийж, санхүүжилт өгч буй асуудалд хэрэг бүртгэлийн хэрэг нээж, шалгаж байгаа. Хууль зөрчиж, мөнгө угаасан бол тухайн байгууллагууд, иргэдэд хариуцлага тооцно.

Өөрөө хүсэлт гаргасан цөөн иргэдийн заримаас дурдвал, иргэн Н гэхэд нүүрсний гэх хэрэгт шалгагдаж байгаад Хятад руу гарсан гэдэг мэдээлэлтэй байсан. Дараа нь бусад хууль сахиулагчидтай холбогдоход иргэн Н БНСУ-ын хилээр орсон мэдээлэл ирсэн. Тиймээс энэ долоо н.Наранхүү гэдэг хүнийг авч ирэхээр болж байна.

Нүүрсний сонсголын талаар Ажлын хэсгийн дарга, УИХ-ын гишүүн Г.Ганболдоос асуусан нь зөв байх” гэлээ. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу