Бүгд Найрамдах Чех Улсын ерөнхийлөгчийн сонгуулийн баасан, бямба гарагт явагдсан хоёрдугаар шатны санал хураалтад генерал Петр Павел ялсан байна. Тэрбээр 3.36 сая сонгогчийн буюу нийт сонгогчдын 58 хувийн саналыг авсан бол Ерөнхий сайд асан Андрей Бабиш 42 хувийн санал авчээ.  

Өдгөө 61 настай П.Павел нь НАТО-гийн цэргийн хорооны даргын албыг хашиж байсан бөгөөд түүнийг одоогийн эрх баригч засгийн газрын эвсэл дэмжиж байсан юм. Харин “Сэтгэл ханамжгүй иргэдийн хөдөлгөөн” намын дарга, 68 настай А.Бабишийн хувьд 2017-2021 онд Ерөнхий сайдын албыг хашиж байв.

Нэгдүгээр сарын 13-14-ний өдрүүдэд болсон эхний шатны санал хураалтад найман нэр дэвшигч өрсөлдсөнөөс П.Павел 35.4 хувь, А.Бабиш 34.99 хувийн санал авснаар тунан үлдээд байсан юм. БНЧУ-ын ерөнхийлөгчийг сонгуулиар шууд сонгодог. Төрийн тэргүүний бүрэн эрхийн хугацаа таван жил үргэлжлэх бөгөөд нэг удаа улиран сонгогдох эрхтэй байдаг.