Боловсролын зээлийн сангийн зээлээр дэлхийн шилдэг 50 их сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцах оюутнуудыг дөрөвдүгээр сарын 11-нээс тавдугаар сарын 11-ний өдрүүдэд бүртгэсэн билээ. 
Бүртгэлийн хугацаанд 133 иргэн материалаа ирүүлсэн байна. Тэднээс зээлд хамрагдах иргэнийг сонгохдоо хоёр үе шаттайгаар сонгон шалгаруулалт явуулжээ.
Эхний шатны шалгаруулалтад баримтын бүрдэл буюу гадаад хэлний оноо, сургуулийн эрэмбийг нягталж, бүртгүүлэхдээ ирүүлсэн эсээ бичлэгийг уншиж оноожуулсан байна. 
Харин хоёрдугаар шат буюу ярилцлагын шатны шалгаруулалтыг өнгөрөгч тавдугаар сарын 30-нд зохион байгуулжээ. 
Улмаар шалгаруулалтын дүн гарч, дэлхийн шилдэг 50 их сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцах оюутнуудыг жагсаасан байна.
Уг ажлыг зохион байгуулж буй ажлын хэсгээс өгсөн мэдээллээр сонгон шалгаруулалтыг явуулахдаа,
• Голч дүн
• Хэлний оноо
• Сургуулийн эрэмбэ
• Бичиг баримтын бүрдэл
• Эсээ бичвэр
• Ярилцлага зэрэг үзүүлэлтээр шалгуулагчдыг дүгнэж бүртгүүлсэн 133 суралцагчийг эрэмбэлсэн байна.
Одоогоор сонгон шалгаруулалтын ажлын хэсэг холбогдох хууль тогтоомжийг мөрдөж ажилласан эсэх, ашиг сонирхлын зөрчил үүссэн эсэхийг нягтлахаар хөндлөнгийн хяналтын баг ажиллаж буй аж.
Хяналтын багийн дүгнэлт гарсны дараа буюу зургадугаар сарын 12-ны Даваа гарагт сонгон шалгаруулалтын дүнг эцэслэн зарлах юм байна.

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу