Богдхан уулын Дархан цаазат газарт БОАЖЯ, нийслэл, дүүргийн Засаг дарга нар 2286 иргэн, хуулийн этгээдэд газар олгосноос 2022 оны байдлаар зориулалтын дагуу буюу аялал, жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа нь 42 хуулийн этгээд байна. Тэгвэл хууль зөрчин үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд байгаа талаар аудитын байгууллага дүгнэлт гаргажээ.

Богдхан уулын Дархан цаазат газарт байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл ихтэй үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, хуулийн этгээдүүдийн нэрсийг ил болгожээ.

Тухайлбал, Богдхан уулын Дархан цаазат газрын хязгаарлалтын бүс болох Нүхтийн аманд УИХ-ын гишүүн, УИХ-ын Ёс зүйн байнгын хорооны дарга “алаг нүдэн” Баагаагийн Баттөмөрийн хувьцаа эзэмшдэг Тэс петролиум ХХК шатахуун түгээх станц ажиллуулдаг. Гэсэн ч уг шатахуун түгээх станц нь газрын мэдээллийн нэгдсэн санд ямар ч бүртгэлгүй, газар ашиглах зөвшөөрөлгүй, газрын төлбөр төлөхгүйгээр хууль зөрчин үйл ажиллагаа явуулсаар байна. УИХ-ын Ёс зүйн байнгын хорооны даргын хамаарал бүхий Тэс петролиум ХХК нь бизнесийн ёс зүйгүй гэдгээ харуулж, ямар ч зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байгаа юм. Намайг хэн хэлж нохойг хэн саахав гэсэн шиг ёстой л мөнгөтэй, эрх мэдэлтэйдээ бардан үйл ажиллагаа явуулсаар байна. Хууль зөрчин үйл ажиллагаа явуулдаг Тэс петролиумын Б.Баттөмөр амьдрал дээрээ хэр ёс зүйтэй болоод УИХ-ын Ёс зүйн байнгын хорооны даргаар ажилладаг юм бол доо. 

Мөн Газар ашиглах эрхийн гэрчилгээнд заасан зориулалтын дагуу газрыг ашиглахгүй байгаа болон байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл ихтэй үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн жагсаалтад АПУ-гийн П.Батсайханы хувь эзэмшдэг Ж.Мөнхнаран захиралтай Шунхлай трейдинг ХХК бүртгэлтэй байх юм. Тус компани 0.08 га газарт аялал жуулчлалын бааз байгуулахаар зөвшөөрлөө авсан ч шатахуун түгээх станц барин хууль зөрчин үйл ажиллагаа явуулж, ашиг олж байна. Тус шатахуун түгээх станцтай ойрхон иргэдийн суурьшлын бүс байдаг бөгөөд үүнийг ч үл тоон тэд үйл ажиллагаа эрхэлсээр байгаа.

Богдхан уулын Дархан цаазат газарт 1.6 га газарт эко авто аялалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан Тэүхэ ХХК нь мөн Шатахуун түгээх станцын үйл ажиллагаа явуулж байгаа талаар дурджээ. Шунхлай трейдинг ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Мөнхнаран нь Тэүхэ ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар мөн ажилладаг юм байна. Тус газарт Шунхлай шатахуун түгээх станцаас гадна орон сууцны хороолол барих гэж байгааг иргэд эсэргүүцэн жагсаал хийж байсан билээ. Шунхлай компани нь Монгол Улсын топ 100 аж ахуйн нэгжээр шалгарч, Шилдэг татвар төлөгчөөр жил дараалан шалгардаг ч хууль бусаар ийнхүү үйл ажиллагаа явуулсаар байгаа нь үндэсний гэх тодотголтой томоохон компаниудын нүүр царайг харуулсан үйлдэл болж байна.

АПУ-гийн П.Батсайхан өөрийн хүмүүсээрээ дамжуулан Богдхан уулын дархан цаазат газарт хууль зөрчин хоёр газарт байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл ихтэй үйл ажиллагаа явуулсаар байгааг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ нүдэн балай, чихэн дүлий өнгөрүүлсээр байх уу. Хууль зөрчин үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын аудитын дүгнэлт таны ширээн дээр байгаа шүү дээ. БОАЖЯ-ны зүгээс дээрх хоёр компанийн шатахуун түгээх станцын үйл ажиллагааг зогсоож, газрын гэрчилгээг цуцлах гэж хэд хэд оролдсон ч чадаагүй хэмээн хэлээд сууж байна. 

Эрх мэдэл, мөнгөний өмнө хүчгүйддэг Монгол төрийн яам, сайд байгаад яахав. Мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүсийн өмнө алагчилж үйлчилдэг хууль байгаад ч яадаг юм. 

Э.ЭНХ

1 сэтгэгдэл

  1. Олон амьтан хамаг эд хөрөнгө, орон гэрээрээ хохирч байхад арай ингэж өчүүхэн зан гаргахгүй л байлгүй. Хотын даргаас өөр байрлалд газар гуйгаад нүүх хэрэгтэй ш дээ. Жаахан хүнлэг, ухаантай бай. Аваад үхэх эд биш.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу