Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран энэ сарын 7-9-ний өдрүүдэд стратегийн команд штабын сургуулийг зохион байгуулахтай холбогдуулан өнөөдөр (2023.06.06) мэдээлэл хийлээ. 

ОБЕГ-ын дэд дарга Бригадын генерал Б.Ууганбаяр хэлэхдээ:

-Сургуулилт 7-ны өдөр эхэлнэ. Үүнтэй холбогдуулсан ажлын төлөвлөгөө 99 хувийн биелэлттэй байна. МУ-ын ерөнхийлөгч өөрийн биеэр оролцож танилцах хөтөлбөртэй байгаа. Бэлтгэлтэй холбоотой олон ажлуудыг урьдчилан явуулсан. Бүх шатны байгууллагын гамшгийн үеийн харилцан холбоо тогтоох,  бичиг баримтын бэлэн байдлыг хангах зорилгоор зохион байгуулж байгаа.

Бүтэц тогтолцооны хувьд олон улсын жишиг туршлагыг нэвтрүүлэх үүднээс туршиж үзнэ. Нийслэлд 295 алба хаагч 72 цагийн хугацаатай сургуулилтыг тасралтгүй зохион байгуулж явуулна. Мөн 21 аймагт ослын удирдлагын  баг бүрэлдэхүүн ажиллахаар төлөвлөсөн. Нийлбэр дүнгээр 2900 гаруй алба хаагчид оролцоно гэсэн тооцоо гарсан.

Сургуулилтын бодлогын хүрээнд хэд хэдэн удаагийн тактикийн үзүүлэх сургуулилтыг үзүүлнэ. Мөн эрэн хайх, аврах, гал унтраах, тэсэрч дэлбэрэх бодисыг аюулгүй болгох, хээрийн эмнэлэг дэлгэх, хээрийн үйл ажиллагааны бэлэн байдлыг шалгах зэргээр үйл ажиллагааг зохион байгуулж байна.  Хариу арга хэмжээг хэрхэн авах, ямар гэнэтийн бэрхшээл тулгарах, асуудлыг хэрхэн шийдэхээр төлөвлөгөөнд туссан эсэх, удирдлагын түвшинд хэрхэн шийдвэр гаргах эсэх, Монгол улс ямар хүчин чадалтай эсэх, аюулыг сөрөн туулах чадвар хэр юм зэргийг нүүр нүүрээ харсан байдлаар хэрэгжүүлж үзэх гэж байна” гэлээ.

Мөн бодлогын хүрээнд хэвлэж нийтлүүлсэн гарын авлагыг танилцуулсан юм. Газар  хөдлөлтийн голомтод хэрхэн ажиллах, дэлхийн томоохон улсуудын мөрдөх стандарт, зэрэг материалуудыг бэлтгэж, сургуулилтын үеэр танилцуулах аж. Зургаадугаар сарын 8-ны 16 цагт нүүн шилжих дадлага сургуулилтад идэвхтэй оролцохыг уриаллаа.

Мөн Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн:

Газар хөдлөлтийн чичирхийлэл жил ирэх тусам нэмэгдсээр байгаа энэ үед эрсдэлийг бууруулах ажлыг хэрэгжүүлэх нь маш чухал. Энэ үүднээс олон тооны сургалтуудыг зохион байгуулж ирлээ. 192 цугларах цэг, талбай байгаа. Иргэдэд мэдээлэл өгөх ажилд засаг захиргааны салбар нэгжүүдийн  удирдах албан тушаалтнууд бүгд хамрагдана. Цугларах талбайн шаардлагатай хэрэглэгдэхүүний бэлэн байдлыг хангаж ажиллаж байна.Мөн хамгийн чухал нь СӨХ-ны ажилтнууд иргэдийг идэвхжүүлэх, бүртгэлжүүлэх анхан шатны ажлыг хийж гүйцэтгэж байгаа. Иймээс алт болох иргэд албан газрууд идэвхтэй хамрагдаж байж гамшгийн үеийн шийдвэр, арга хэмжээг дадал болгож, бэлэн байх юм” гэлээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу