УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2023.06.06/ хуралдаанаар  Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

Уг хуулийн 22 дугаар зүйлд цахилгаан эрчим хүчний 5 мегаваттаас дээш хүчин чадалтай, эсхүл дулааны эрчим хүчний 1.5 мегаваттаас дээш хүчин чадалтай эх үүсвэрийн үндсэн болон туслах тоног төхөөрөмж үйлдвэрлэх үйл ажиллагааны орлогод ногдох албан татварыг 90 хувь хөнгөлөх тухай заалт нэмэхээр тусгажээ. 

Энэ хууль нь уурын зуухнуудын үйл ажиллагааг дэмжсэн заалт байгааг УИХ-ын гишүүн Д.Өнөрболор хэлж, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгээс тодруулж асуулаа. 

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор: Дулааны эх үүсвэрийн 1,5 мегаваттаас дээш хүчин чадалтай эх үүсвэр гэж байна. Үүнд уурын зуухнууд орох уу?

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн: Уурын зуух бүр янз бүрийн хүчин чадалтай байгаа. 1,5 мегаваттаас дээш хүчин чадалтай уурын зуухнууд орно. 

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор: Агаарын бохирдлын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний дунд уурын зуух барихыг хориглоод, хотод баригдаж байсныг нь татан буулгасан. Гэтэл уурын зуух барина гэж байгаа нь ойлгомжгүй болоод явчихлаа. Агаарын бохирдлын эсрэг хэрэгжүүлж байгаа бодлогын эсрэг хууль батлах гэж байгаа юм биш үү?

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн: Бид Улаанбаатар хотод дөрвөн ТЭЦ нийлээд жилд 5 орчим сая нүүрс түлж байгаа. Энэ ТЭЦ-үүдийн яндан дээр шүүр тавиад ажиллуулж байгаа. Үүнтэй адил шинээр баригдах уурын зуухнуудын яндан дээр шүүлтүүр тавиад ажиллуулахаас өөр арга байхгүй. Манай улс энергиэ өөр эх үүсвэрээс хангаж чадахгүй. Газаар халааж дийлэхгүй, манайд тийм хэмжээний газ ч байхгүй. Хүссэн хүсээгүй нүүрсээ түлэхээс өөр аргагүй. Харин түлшээ сайжруулах бодлого хэрэгжүүлж байгаа.

                   

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу