ОХУ-БНХАУ-ыг холбосон транзит тээврийг эхлүүлнэ гэж Зам тээврийн хөгжлийн яам мэдээллээ. 2023 онд ОХУ-БНХАУ-ыг холбосон транзит тээврээр 34 сая тонн ачаа, 1.4 сая зорчигч тээвэрлэхээр төлөвлөж байгааг Зам, Тээврийн хөгжлийн яамнаас мэдэгдлээ. Мөн улсын чанартай авто замын дагуу 10 цэгт үйлчилгээний цогцолбор байгуулж, олон улсын автотээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг гурван улстай байгуулна.

Олон улсын авто замын сүлжээний АН-4 коридороор ОХУ-БНХАУ-ыг холбосон транзит тээврийг энэ оноос эхлүүлэх юм байна. Мөн тус салбарын цахимжуулалтын хүрээнд тээврийн хэрэгслийн техникийн хяналтын цахим гэрчилгээг нэвтрүүлж, авто замаас төлбөр авах, техникийн хяналтын үзлэг, татвар, даатгал, торгуулийн мэдээлэл зэрэг 91 үйлчилгээг бүрэн цахимжуулж, иргэдэд нээлттэй болгохоор төлөвлөжээ. 

Түүнчлэн АНУ-тай “Нээлттэй тэнгэр” агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулаад байгаа юм. Мөн Австрали улстай агаарын харилцааны хэлэлцээр, орон нутгийн есөн чиглэлд тогтмол нислэгтэй болох ажлыг эхлүүлнэ. Энэ хүрээнд агаарын хөлгийн парк шинэчлэлтийг үргэлжлүүлж, шинээр том оврын дөрвөн онгоц оруулж ирэхээр болжээ. 

2023 онд агаарын тээврээр 14 мянган тонн ачаа тээж, 1.5 сая.зорчигч тээвэрлэнэ. Үүнээс олон улсын чиглэлд нэг сая орчим, орон нутгийн чиглэлд 450 мянган зорчигч тээвэрлэхээр байна. Ингэснээр агаарын ачаа тээвэр 8.5  хувиар, зорчигчийн тоо 66.7 хувиар нэмэгдэнэ гэж тооцоолжээ.

Мөн Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн 426.7 км төмөр замын төслийг эхлүүлж, улсын хэмжээнд 546 км авто хатуу хучилттай авто зам, 229 урт метр төмөр бетон гүүр ашиглалтад оруулна. Ингэснээр шинээр ашиглалтад орох замын урт өмнөх оноос 13 хувиар нэмэгдэхээр байна.