“IHC” койныг зах зээлд нэвтрүүлсэн “Их Бит” ХХК-д Б.Идэр-Од хувьцаа эзэмшдэг байсан билээ. Үүнтэй холбогдуулан түүнийг Эрүүгийн цагдаагийн албанаас интерполоор эрэн сурвалжилж байгаа талаар мэдээлэл цахим сүлжээнд гараад буй. 

Үүнтэй холбогдуулан Эрүүгийн цагдаагийн албанаас дараах мэдээллийг өгч байна. 

ЭЦА-ны Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга Э.Сэргэлэнбаатар “Сүүлийн гурван жилийн хугацаанд манай улсын зарим иргэд криптовалют буюу койн, токен гаргаад хөрөнгө татан төвлөрүүлэх ажлыг эрчимтэй явуулсан. Энэ үеэр цагдаагийн байгууллага Санхүүгийн зохицуулах хороотой хамтраад иргэдэд олон удаагийн үйлдлээр сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэсэн. 

Гэвч иргэдийн зүгээс маш ихээр криптовалютын зах зээлд орж байсан учраас Цагдаагийн байгууллагаас ажлын хэсэг гаргаад хөрөнгө татан төвлөрүүлсэн этгээдүүдийн үйл ажиллагааг мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн юм.

Эхний удаад бид  Санхүүгийн зохицуулах хорооны урьдчилсан үнэлгээгээр эрсдэлтэй буюу хоёрдогч зах зээлийн арилжаанд койн, токен нь гараагүй байгаа 26 этгээдийн үйл ажиллагааг шалгаж байгаа. Энэ шалгалтын үр дүнгээр одоогийн байдлаар хоёр хуулийн этгээдийн албан тушаалтнуудыг яллагдагчаар татсан байна. 

Койн, токен гаргасан боловч татан төвлөрүүлсэн хөрөнгө байхгүй хоёр этгээдийн хэргийг хаасан. Одоо 22 хэргийг мөрдөөн шалгаж байна.

Шалгалтын явцад койн, токен гаргасан зургаан хуулийн этгээдийн 839 сая төгрөгийг иргэдэд буцаан олгосон.

Бидний шалгаж буй эрүүгийн тоот хэрэгт Б.Идэр-Одыг шалгах шаардлагатай этгээд байна гэж үзсэн.

Түүний тухайд өнгөрсөн жилийн гуравдугаар сард Монгол улсаас гарсан учраас интерполоор эрэн сурвалжилж байгаа. Тухайн этгээдийг хаана байгааг нь тогтоохоор энэхүү ажиллагааг хийж байгаа гэсэн үг. Бидний авсан мэдээллээр Б.Идэр-Од энэ оны хоёрдугаар сард Австрали улсаас АНУ руу явсан байна” гэлээ. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу