Монгол улс дэлхийн 136 орноос гарал үүсэлтэй бараа импортлосноос БНХАУ-д 39.0 хувь, ОХУ-д 26.7 хувь, Япон-д 7.7 хувь, БНСУ-д 4.5 хувь, АНУ-д 3.1 хувь тус тус ногдож байгаа нь нийт импортын дүнгийн 81.1 хувийг эзэлж байна гэж Гаалийн ерөнхий газраас мэдээлжээ.
Энэ оны эхний 5 сарын дүнгээр импортоор нийт 3462.9 сая ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2022 оны мөн үеэс 325.6 сая ам.доллараар буюу 10.4 хувиар өссөн байна.
Импортоор нийлүүлэгдсэн барааны нийт дүнд:
- Машин механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг 628.1 сая ам.доллар буюу 18.1 хувь,
- Эрдэс бүтээгдэхүүн 834.8 сая ам.доллар буюу 24.1 хувь (үүний дотор нефтийн бүтээгдэхүүн 728.6 сая ам.доллар буюу 87.3 хувь),
- Мал амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, хүнсний зүйл 378.6 сая ам.доллар буюу 14.2 хувь,
- Авто агаарын тээврийн хэрэгсэл тэдгээрийн эд анги 659.8 сая ам.доллар буюу 19.1 хувь,
- Үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн 287.4 сая ам.доллар буюу 8.3 хувь,
- Химийн болон түүнтэй холбоотой үйлдвэрийн бүтээгдэхүүн 194.9 сая ам. доллар буюу 5.6 хувийг тус тус эзэлж, эдгээр бүтээгдэхүүнд нийт дүнгийн 82.6 хувь ногдож байгаа юм.