УИХ-ын Хянан шалгах түр хорооноос Хөгжлийн банкны асуудлаар мэдээлэл хийлээ. Түр хорооны дарга УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “УИХ-ын түр хорооноос нотлох баримтыг шинжлэх судлах сонсгол зохион байгуулж байгаа. Эхний сонсгол тав хоногт хийгдсэн. Хөгжлийн банкнаас шууд санхүүжүүлсэн 3.2 их наяд төгрөгтэй дүйх зээл түүний зарцуулалттай холбоотой асуудлаар 60 орчим компанийн холбогдох гэрчүүдээс асуулт асууж, шинжээчийн тайлбар сонссон. УИХ-ын тухай баталсан хуулийн дагуу сонсголоос долоо хоногийн өмнө олон нийтэд мэдээлэл өгөх үүрэгтэй гэж хуульчилсан. Ирэх долоо хоногийн Даваа гаригт хоёр дахь сонсгол эхэлнэ. Үүнтэй холбогдуулан хэвлэлийн хурал хийж байна. Хоёрдугаар сарын 6-ны өдөр эхлэх сонсголоор гурван асуудлыг хэлэлцэнэ. Нэгдүгээрт, Хөгжлийн банканд хяналт шалгалт хийгдэж байсан байдал, эрх бүхий байгууллагуудын дүгнэлт, тэдгээрийн зөвлөмжийн үр дүнг хэлэлцэнэ. Үүнтэй холбоотой 21 албан тушаалтныг гэрчээр дуудна. Засгийн газрын 2016 оны ажлын хэсгийг ахалж байсан хүний хувьд би өөрөө гэрчээр оролцоно. 2020 онд байгуулагдсан ажлын хэсгийн ахлагч, Монголбанкныхан гээд шалгалтыг хариуцаж байсан 21 албан тушаалтан асуугдана.

Хоёрдугаарт, Хөгжлийн банкны охин компани болох Ти Би Эм Лизинг компаниас санхүүжүүлсэн зээл, зээлийн эргэн төлөлтийг хэлэлцэнэ. Санхүүгийн түрээстэй холбоотой 40 орчим харилцаа үүссэн. Хянан шалгах шинжээч нарын урьдчилсан дүгнэлтээр нэмж тодруулах шаардлагатай, зөрчилтэй, эргэн төлөлт хангалтгүй байгаа 10 орчим асуудлыг хэлэлцэнэ. Энд нийтдээ 35 гэрч дуудагдана.

Гуравдугаарт, Хөгжлийн банкнаас санхүүжүүлж, улсын төсөвт суусан Засгийн газрын төсөл хөтөлбөрийг ярина. Энэ зээл биш. 2012-2016 оны үед Хөгжлийн банкнаас улсын төсөвд суулгаж, эргэн төлөх нөхцөлтэй санхүүжүүлсэн 350 орчим төсөл арга хэмжээний үр дүнг сонсоно. Тодруулах шаардлагатай гэсэн 43 гэрчийг дуудна. Энэ долоо хоногт нэмж гэрч дуудагдах шаардлага үүсч магадгүй. Тухайлбал, тухайн үед Эдийн засаг хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр, Төслийн удирдах хорооны дарга бөгөөд Барилга хот байгуулалтын яамны ТНБД Р.Эрдэнэбүрэн, Молор консракшны хувьцаа эзэмшигч Эрдэнэ, ҮХАА-н сайдаар ажиллаж байсан Х.Баттулга, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Шинэ төмөр төслийн хүрээнд Зам тээврийн яамны ТНБД асан Б.Батзаяа,  сайд асан А.Гансүх, ТӨХ-ний дарга асан Цогтбаатар, Түмэнхишигтэн ХХК-ийн хувьцаа эзэмшигч Баттулгын Хүлэгт, Баттулгын Намуун, Баттулгын Номин нар дуудагдана.

Хоёр дахь удаагийн сонсголыг ажлын таван өдөр гэж тооцож байсан боловч ажлын гурван хоногт дуусгах боломжтой юм байна гэж үзээд хоёрдугаар сарын 8-н гэхэд дуусгах боломжтой” гэдэг мэдээллийг өгсөн юм.

Мэдээлэл өгсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Гэрчүүд ирэхгүй байвал яах вэ. Өмнө нь зарим гэрчүүд ирээгүй шүү дээ?

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: -Гэрч мэдүүлэг өгөхдөө худал мэдүүлэг өгвөл хуулийн дагуу хариуцлага хүлээнэ гэж гарын үсэг зурж байгаа. Ингэснээр хуулийн дагуу хуулийн дагуу хариуцлага хүлээнэ. Зарим нь ирээгүй ч гэсэн бичгээр шалтгаанаа ирүүлсэн. Зарим нь ирээгүй. Төрийн албаны тухай хуулиар хуулийн дагуу төрийн албан хаагчийг ажлаас халах хүртэл арга хэмжээ авна. Эсхүл Зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээ авна гэж байгаа. Иргэн гэрч мэдүүлэг өгөхөөс санаатай зайлсхийж хүндэтгэн үзэх шалтгаангүй ирэхгүй бол 300 нэгжтэй тэнцэх торгууль тавина. Хэмжээ их багадаа биш. Цаанаа захиргааны хариуцлага тооцогдоно. Хянан шалгах түр хороо тусгайлан хуралдаж, ирэхгүй байгаа хүмүүсийг зарлаж, хариуцлага тооцно. Зохион байгуулалттайгаар сонсголыг таслах асуудал үүсч болзошгүй. Асуудалтай болоод л зугтаад байна гэсэн үг. Зугтаад алга болчихвол болчихно гэсэн ойлголт байж болохгүй. Хариуцлага тооцох ёстой.

-Өмнөх баримтуудаа хуулийн байгууллагад шилжүүлсэн үү. Цаашид ямар үе шаттайгаар асуудлуудыг тавих вэ?

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: -Тодорхой хэмжээний мөрдөн шалгах ажиллагаа гэсэн үг. Нэгэнт ажиллагаа явж байгаа үед хэргийн үйл явцын урьдчилсан дүгнэлтийг гаргадаггүй. Бидний дүгнэлт гуравдагч сонсголын дараа УИХ-д танилцуулагдсаны дараа тайлан дүгнэлтийн үед шууд дүгнэлтийг хийнэ. Явцын үед бид та бүхэнд дүгнэлт хийх боломжийг олгож байгаа. Одоогийн байдлаар бид дүгнэлт хийгээгүй. Тал бүрээс нь асуудлыг тодруулж байгаа.

-Г.Амартүвшин гишүүн хууль бус сонсголд оролцохгүй гэсэн?

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: -Манай УИХ-ын нэр бүхий гишүүд үүнийг санаачилсан. Талуудын оролцоотой үүнийг байгуулсан. Тухайн хүмүүс хууль бус гэж үнэлэх нь тухайн хүний байр суурь.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: -Г.Амартүвшин хоёр дахь сонсгол дээр мөн гэрчээр дуудагдаж байгаа. Тухайн үеийн удирдлагууд зөвлөмжийн дагуу ямар арга хэмжээ авсныг нь асууна. УИХ-ын гишүүн, иргэн ч бай ялгаагүй өөрөө ирээд нотолгоо, залруулга хийх боломжтой. Үүнийг ашиглалгүй зөвхөн өөрийнх нь эсрэг асуудал яригдвал тухайн хүний өөрийнх нь асуудал. Ирэхгүй байгаа хүмүүсийг цагдаа, шүүх ашиглаад авчир гэж яриад байна. Энэ бол шүүхийн хараат бус байдал, УИХ өөрөө шүүх байгууллага болох байдалд орно. Энэ бол парламентын хяналт.

-Ардчилсан намтай холбоотой хүмүүсийг шалгаад байгаа юм биш үү?

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: -Хөгжлийн банкны зээлийн 90-ээс дээш хувь нь 2012-2016 онд гарчихсан. Ардчилсан нам засаглаж байх үед гарчихсан. Ингэж харагдах нь зүй ёсных. УИХ-ын гишүүд ирэхгүй байгаа бол би өрөөнөөс авчирч чадахгүй шүү дээ. Иргэд, сонгогчид өөрсдөө дүгнэлтээ хий. Энэ бол анхных. Урьд нь ийм зүйл байгаагүй. Иргэд, сонгогчид сайн анхаараарай.