Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөнд аялал жуулчлалыг хөгжүүлэхээр тусгаж, ирэх жил 1,3 сая жуулчин хүлээн авахаар төлөвлөөд байгаа билээ.
Тэгвэл аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын хүрээнд хийхээр төлөвлөсөн ажлын талаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар цахим хуудсаараа дамжуулан дараах мэдээллийг өглөө. 
Бодлогын хүрээнд дараах арга хэмжээнүүдийг авахаар төлөвлөжээ. 

I. Агаарын тээврээр зорчих жуулчдыг нэмэгдүүлнэ.

  • Агаарын тээврийн либералчлалыг бүрэн хэрэгжүүлнэ.
  • 4C, 4D ангиллын агаарын хөлөг хүлээн авах хүчин чадлыг нэмэгдүүлж аэродром, зорчигч үйлчилгээний цогцолборыг байгуулна.
  • Тусгай үүргийн нислэгүүдийг зөвшөөрнө.
  • Орон нутгийн нислэгүүдийг нэмэгдүүлж, тогтмолжуулна.

 II. Жуулчдад зориулсан бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлнэ.

  • Жуулчид автомашинтайгаа аялах боломжийг бүрдүүлнэ.
  • Виз олголтыг хялбаршуулах, визгүй зорчих боломжийг бүрдүүлнэ.
  • Хил орчмын болон хил дамнасан аялал жуулчлалын бүс нутгуудын хамтын ажиллагааг өргөжүүлнэ.
  • Аялал жуулчлалын тусгай бүс байгуулна.
  • Палеонтологийн нөөцөд тулгуурлан “Аялал, Судалгаа-Амралт”-ын цогцолбор байгуулна. /Дундговь, Цагаансуварга/
  • Улирлын чанартай “Буйр нуур” усан замын боомт байгуулна.

III. Аялал жуулчлалын бүс нутгийн авто замын дэд бүтцийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлнэ.

  • Аялал жуулчлалын авто замын сүлжээг нэмэгдүүлэх чиглэлд 2024 онд хатуу хучилттай авто зам, авто замын их засвар, гүүр, гүүрэн байгууламжийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ.
  • 200 км тутамд амрах өртөө байгуулна.
Дээрх үр дүнд хүрэхээр нийт 801 тэрбум төгрөгийн 35 төсөл арга хэмжээ хэрэгжүүлэх аж.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу