Засгийн газрын өнөөдрийн /2023.06.07/ хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Боловсролын зээлийн сантай холбоотой мэдээллүүд сүүлийн өдрүүдэд олон нийтийн уур, бухимдлыг төрүүллээ. Энэ сангийн үйл ажиллагаа олны анхааралд өртсөн учраас цаашид хэрхэн ил тод нээлттэй явуулж байх вэ гэдэг асуудлыг загварчилж, Засгийн газарт танилцууллаа.

Боловсролын зээлийн санг үргэлжлүүлэн ажиллах нь зайлшгүй шаардлагатай, чухал асуудал юм. Тиймээс гадаадад болон дотоодод суралцахдаа зээл авах, эргээд төлдөг байх механизмыг тодорхой болгох ёстой. Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт 2100” тэтгэлгийн үйл ажиллагааг хэвийн хангахад ч БЗС үйл ажиллагаа чиглэгдэх ёстой гэж харж байгаа.

Үүний дараа, шалгарсан хүмүүс нь шаардлага хангасан эсэх нь анхаарал татаж байна гэдгийг мэргэжлийн байгууллагууд дүгнэлээ. Юун түрүүнд БЗС хэвийн үйл ажиллагаа үргэлжлүүлэн явуулах ёстой гэдэгт санал нэгдсэн. Энэ нь төрийн болон хувийн хэвшлийн олон улсын түвшинд дээгүүр тооцогдож байгаа их, дээд сургууль болон мэргэжлээрээ шалгарсан тохиолдолд  тэтгэлгээ авдаг байх зарчимтай. Харин ямар мэргэжлийг тэргүүлэх мэргэжлээр зарлаж, ямар боловсон хүчин бэлтгэхээ тодорхойлох шаардлагатай.

Тиймээс Засгийн газар жил бүр тэргүүлэх чиглэлийн мэргэжлийг зарладаг болно. Тэр мэргэжилд тэнцсэн хүмүүст зээл олгох нь зөв. Гол нь зээл олгох процесс нь олон нийтэд ил байх ёстой.

Зээл олгохдоо 11 шатыг дамждаг. Үүний тав нь БШУЯ дээр, дөрөв нь БЗС дээр, хоёр нь банкны түвшинд явагдаж ирсэн юм байна. Энэ шат дамжлага бүрт нь хүн оролцдог байсан. Ингэж хүний хүчин зүйлээс хамаарч явагдаж ирсэн учир Засгийн газраас долоо хоногийн дотор энэ бүх шат дамжлагыг бүрэн автоматжуулахаар боллоо. Цаашдаа ямар нэгэн байдлаар хүнээс хамаарахгүйгээр энэ бүх процесс явагдана гэсэн үг. Шаардлагатай бол зарим хууль, журмыг нь үүнтэй холбогдуулан өөрчилнө. Цаашлаад 24 тусгай санг ийм хэлбэрээр цахимжуулахаар санал нэгдлээ.

Боловсролын зээлийн сангийн зээлийг Монгол улсын иргэн бүр тэгш хүртдэг байх зарчмыг баримтална. Түүнээс биш зээлийн сан байх ёсгүй гэж үзэж болохгүй” гэлээ. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу