Эдийн засаг, хөгжлийн яам нь Монгол Улсын хөгжлийн урт, дунд, богино хугацааны бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх, төлөвлөлтийн нэгдсэн арга зүй, удирдлагаар ханган ажиллаж байна. Түүнчлэн, эдийн засгийн болон хөгжлийн тэргүүлэх чиглэл, салбарыг тодорхойлж, салбар хоорондын уялдааг ханган   ажилладаг төрийн захиргааны төв  байгууллага юм. Монгол Улсын Их Хурлын чуулганы 5 дугаар сарын 30-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө буюу богино хугацааны төлөвлөлтийн баримт бичиг батлагдсан. Тэгвэл Эдийн засаг, хөгжлийн яамнаас баримталж буй бодлого, төлөвлөлтийн талаар тус яамны Хөгжлийн нэгдсэн бодлогын газрын дарга Л.Балчинлувсантай ярилцлаа.


-Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөг өнгөрөгч долоо хоногт УИХ баталлаа. Энэхүү бодлогын баримт бичгийн онцлог болон Эдийн засаг, хөгжлийн яамнаас баримталж буй бодлогын чиглэлийн талаар ярилцах бодолтой байна. Энэ бодлогын баримт бичгийн талаарх ойлголтоо цэгцлээд, мөн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн урт, дунд хугацааны бодлогын баримт бичигтэй хэрхэн уялдаж байгаа талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Засгийн газраас 2024 онд баримтлах тэргүүлэх чиглэлийг тодорхойлоод түүндээ үндэслэн Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөг боловсруулсан.

Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө нь тухайн жилийн улсын төсвийн суурь болдог богино хугацааны төлөвлөлтийн баримт бичиг юм. Ирэх оны төлөвлөгөө нь нийт 14 их наяд төгрөгийн санхүүжилт бүхий 194 төсөл, арга хэмжээ, тэдгээрийг хэмжих 100 шалгуур үзүүлэлтээс бүрдсэн.

Түүнчлэн, Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн дагуу “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлт”-ийн бодлого, “Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” болон “Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр” зэрэг урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигтэй бүрэн уялдуулан боловсруулсан.

Энэ жил уг төлөвлөгөөг үр дүнд суурилсан төлөвлөлтийн арга зүйг ашиглан боловсруулснаараа онцлогтой. Монгол Улс нь хөгжлийн бодлого, төлөвлөлтдөө үр дүнд суурилсан нэгдсэн төлөвлөлт, төсөвлөлтийн арга зүйг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Тус аргачлал нь салбарын болон хөтөлбөрийн үр дүнг тодорхойлох, тухайн төсөл арга хэмжээний хүрэх үр дүн, тэдгээрийг хэмжих шалгуур үзүүлэлт, шаардагдах хөрөнгийн хэмжээ, эх үүсвэрийг бодитой төлөвлөх ач холбогдолтой.

Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө нь гурван хавсралттай. Нэгдүгээр хавсралтаар 2024 онд баримтлах бодлогын тэргүүлэх чиглэл, хоёрдугаар хавсралтаар Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө,  гуравдугаар хавсралтаар түүний үр дүнг хэмжих хяналт-шинжилгээ, үнэлгээний үзүүлэлтүүдийг тусгасан цогц төлөвлөлт гэж хэлж болно.

Тэгвэл Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө нь ирэх онд Монгол Улс хэрхэн хөгжих вэ, хаашаа чиглэх вэ гэдгийг багтаасан баримт бичиг гэж хэлж болох уу?

-Тиймээ, илүү дэлгэрэнгүй тайлбарлая.

Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө нь өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд чиглэх бөгөөд Экспорт, нэмэгдүүлэх, Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, Хүний хөгжлийн үзүүлэлтийг сайжруулах, Аялал жуулчлалыг хөгжүүлэх, Хүнсний хангамж, аюулгүй байдлыг сайжруулах, Улаанбаатар хотын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах, Засаглалыг сайжруулах, Ногоон хөгжлийг дэмжих гэсэн найман бодлогын тэргүүлэх чиглэлийг тодорхойлсон.

Энэхүү бодлогын тэргүүлэх чиглэл бүрд тавьсан зорилтоо Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 6.10.2 дахь заалтыг хангасан төсөл, арга хэмжээг эрэмбэлэн, санхүүжилтийн эх үүсвэрүүдтэй уялдуулан тусгасан.

Засгийн газраас өгсөн чиглэл, Хөгжлийн бодлого, төлөвлөлт түүний удирдлагын тухай хуулийн дагуу яамд болон холбогдох байгууллагуудын саналыг авч, тэдэнтэй хамтран хийсэн нөхцөл байдлын дүн шинжилгээ, судалгаа, олон талын хамтын ажиллагаа, дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал зэрэгтэй бүрэн уялдуулан салбар бүрд шаардлагатай бодлогын реформ, авч хэрэгжүүлэх арга хэмжээг тусган, 2024 онд баримтлах бодлогын тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлсон.

Тухайлбал, 2024 онд баримтлах бодлогын тэргүүлэх чиглэлийн нэгдүгээрт экспортыг нэмэгдүүлнэ гэсэн байгаа. Тус бүлгийн хүрээнд 2022 онд экспортын орлого 12.5 тэрбум ам.доллар байсныг 2024 онд 14.1 тэрбум ам.долларт хүргэх томоохон зорилтыг тавьсан. Энэхүү зорилтын хүрээнд бид хамгийн эхэнд ачаа эргэлтийг нэмэгдүүлэх, авто зам, төмөр зам, түүний холболт, боомтын хүчин чадлыг сайжруулах төслүүдийг хэрэгжүүлж, уул уурхайн салбарын экспортыг нэмэгдүүлэх, гадаад худалдааг хөнгөвчлөх, экспортыг төрөлжүүлэх, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний боловсруулалтын түвшнийг ахиулах замаар уул уурхайн бус экспортыг дэмжихэд чиглэсэн нийт 2,737.2 тэрбум төгрөгийн 23 төсөл, арга хэмжээг тусгасан.

Үүний  үр дүнд бид төмөр зам, авто замын ачаа тээвэрлэх хүчин чадлыг 1.5 дахин нэмэгдүүлж, нүүрсний экспортын биет хэмжээг 50 сая тоннд, зэсийн экспортын биет хэмжээг 1.5 сая тоннд, газрын тосны экспортын биет хэмжээг 6.0 сая баррельд тус тус хүргэнэ. Өнөөдөр нийт экспортын ачааны 90 гаруй хувь нь гурван боомтоор, импортын ачааны 93.2 хувь нь хоёр боомтоор хийгдэж байна. Иймд хилийн боомтуудыг өргөтгөн шинэчлэх ажлыг хэрэгжүүлж, боомтын ачаа нэвтрүүлэх хүчин чадлыг 1.6 дахин нэмэгдүүлнэ. Мөн хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр технологийн паркуудын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хийж, экспортын бүтээгдэхүүний боловсруулалтын түвшнийг нэмэгдүүлэхээр зорьж байна.

Манай орны хувьд хөдөө аж ахуйн салбар давамгайлсан, малчдын орлогын эх үүсвэрийн дийлэнх хувийг малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний орлого бүрдүүлдэг. Гэтэл мах, махан бүтээгдэхүүний экспорт цар тахлын өмнөх үеэс 4 дахин буураад байна. Иймд малчдын орлогыг өсгөх, хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэлийн нэмэгдэл өртгийг нэмэгдүүлэх хүрээнд мал, амьтны гоц халдварт,  халдварт өвчнийг бууруулах вакцинжуулалтыг бүрэн хийж махны экспортыг 30 мянган тоннд хүргэнэ.

Экспортыг нэмэгдүүлэх, төрөлжүүлэх нэг чухал зүйл бол экспортын үйл ажиллагааг хялбарчлах, түүнд зарцуулж буй цаг хугацаа юм. 2022 оны байдлаар иргэн, ААН  гадаад худалдааны процесс, шаарддаг гэрчилгээ, зөвшөөрөл, бичиг баримт бичгийн бүрдэлтэд нийт 302 цаг зарцуулж байна гэсэн судалгааг манай яамнаас гаргасан. Иймд “Гадаад худалдааны цахим нэг цонхны үйлчилгээ”-г нэвтрүүлж, гадаад худалдаанд зарцуулж буй цаг хугацааг 72 цагт хүргэх тодорхой үр дүнтэй төсөл, арга хэмжээг тусгаад байна.

Хөгжлийн төлөвлөгөө нь  ирэх оны төсвийн суурь болох баримт бичиг. Энэ талаар тодруулбал?

-Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн дагуу хөгжлийн бодлого тогтвортой, залгамж чанартай байна гэсэн байдаг. Энэ дагуу хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг нь урт хугацааны, дунд хугацааны, богино хугацааны гэсэн гурван төрөлтэй. Жил бүр баталдаг улсын төсөв бол  богино хугацааны төлөвлөлтийн баримт бичигт хамаарна.

Тодруулбал, Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 6.9-д “Богино хугацааны буюу нэг жилийн хугацаанд хэрэгжүүлэх хөгжлийн төлөвлөлтийн баримт бичигт улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, улсын төсөв, аймаг, нийслэл, хотын хөгжлийн жилийн төлөвлөгөө, орон нутгийн төсөв хамаарна” гэж заасан.

Мөн хуулийн 6.10.3-т “улсын төсөв нь Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд чиглэсэн байх;”-аар хуульчилсан байдаг. Өөрөөр хэлбэл, хөгжлийн бодлогоо дагасан, түүнд нийцсэн төсвөө хийх ёстой. Тухайн жилийн төлөвлөлтөд тусах төсөл, арга хэмжээг бодлогын тэргүүлэх чиглэл, салбар, эдийн засгийн үр өгөөж, байгаль орчин, нийгэмд үзүүлэх нөлөөлөл зэргийг шинжлэх ухаанчаар судалж, тодорхой загвар, аргачлалаар бодож, тооцоолсны үндсэн дээр төлөвлөдөг.

Төсөв бол төлөвлөлтөд суурилсан төсөвлөлтийн зарчмыг баримтлах ёстой. Төсвөө боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулж хэлэлцүүлээд УИХ-д оруулж батлуулах нь Санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг бөгөөд өөрийн гэсэн цаглавартай байдаг.

-Таны хэлсэнчлэн эдийн засаг цар тахлын өмнөх түвшинд хүрч, сэргээд байна. Эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх чиглэлд дан ганцхан экспортыг нэмэгдүүлэх бодлого хангалтгүй санагдаж байна. Засгийн газраас ирэх онд эдийн засгийг хэдэн хувь өснө гэж төсөөлж байна вэ. Ямар бодлого баримтлах бол?

-Засгийн газраас дэлхийн эдийн засгийн төлөв, макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийн гүйцэтгэлд үндэслэн энэ онд эдийн засгийн өсөлт жилийн эцэст 6.0 хувьд хүрэхээр төсөөлж байна. Экспортын бүтээгдэхүүний гэрээнүүд болон олборлолтоос экспорт хүртэлх бүх шатны худалдан авалтын мэдээллийг цахим системд бүртгэлжүүлж, экспортын биет хэмжээг цар тахлын өмнөх буюу 2019 оны түвшинд хүргэх зорилтыг хангаснаар 2023 онд уул уурхайн болон тээврийн салбар тус тус 15 орчим хувиар өсөж, нийт эдийн засгийн өсөлтийг голлон дэмжихээр байна. Мөн Оюутолгойн далд уурхайн үйлдвэрлэл, газрын тос боловсруулах үйлдвэр, авто болон төмөр зам, боомт, эрчим хүчний томоохон төслүүдийн бүтээн байгуулалт эрчимжиж, барилгын салбарын өсөлт харагдаж байгаа.

Харин бид 2024 оны эдийн засгийн өсөлтийг 6.5 орчим хувьтай байхаар төсөөлсөн. Үүнд, Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөнд тусгасан хэд хэдэн бодлогын тэргүүлэх чиглэл, түүнд чиглэсэн төсөл, арга хэмжээ ихээхэн нөлөө үзүүлнэ. Тухайлбал, өмнө дурдсанчлан авто, төмөр зам, боомтын бүтээн байгуулалт нь барилгын салбарын үйлдвэрлэл, ачаа тээврийн урсгал нэмэгдсэнээр уул уурхайн салбарын экспорт өсөж, нийт эдийн засгийг дэмжинэ. Нөгөөтэйгүүр, төлөвлөгөөний хоёрдугаар бодлогын тэргүүлэх чиглэл нь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн. Тус бүлгийн хүрээнд хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх, уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эрчим хүчний салбарыг эдийн засгийн үр ашигтай салбар болгох, соёлын салбарын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд нийт 5,848 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий нийт 52 төсөл, арга хэмжээ туссан. Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж үйлдвэржилтийг дэмжсэн том төслүүдийг хэрэгжүүлэх хүрээнд боловсруулах аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн гарц нэмэгдэнэ.

Монгол Улсад орсон гадаадын шууд хөрөнгө оруулалт 2022 оны байдлаар 2.5 тэрбум ам.долларт хүрсэн. Гадаадын шууд хөрөнгө оруулалт нь эдийн засгийн болон хөгжлийн зорилтоо  биелүүлэх, цар тахлын дараах үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэхэд хамгийн боломжит чухал эх үүсвэр юм. Иймд хөрөнгө оруулалт татах, хамгаалах цогц механизмыг бүрдүүлж 2024 онд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг дөрвөн тэрбум ам.долларт хүргэнэ.

2022 оны байдлаар эрчим хүчний 20.7 хувийг импортоор хангаж байна. Иймд, эдийн засгийн суурь салбар болох эрчим хүчний салбарыг эдийн засгийн үр ашигтай болгон дотоодын хэрэгцээг бүрэн хангаж, экспортлох суурь нөхцөлийг бүрдүүлнэ.

Худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх хүрээнд чөлөөт бүсүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулж, хөрөнгө оруулалтыг татна.

Манай яамны зүгээс эдийн засгийн өөр нэгэн чухал салбар бол соёлын салбар гэж харж байгаа. 2022 оны байдлаар соёлын бүтээлч үйлдвэрлэлийн ДНБ-д эзлэх хувь 0.4 байсан. 2024 онд соёлын салбарыг эдийн засгийн эргэлтэд оруулах гэх мэт бодлогын томоохон зорилт, төсөл арга хэмжээг тодорхойлон тусгасан.

-Хүний хөгжлийн асуудлыг хэрхэн харж байна. Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөнд хүний хөгжлийн асуудал туссан уу?

-Хүний хөгжлийн асуудал тусалгүй яахав. Хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний хамгийн гол зорилго нь эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, эдийн засгийн суурь асуудлуудыг шийдвэрлэх, салбар бүрд үр ашгийг нэмэгдүүлэх бодлогын реформыг хийх замаар “Өрхийн орлогыг нэмэгдүүлэх”-д чиглэсэн байгаа. Энэ бүхний цаана монгол хүний амьдрал, өрх бүрийн орлого л яригдах учиртай. Аль ч утгаараа хүн төвтэй хөгжлийн бодлогод ихээхэн анхаарч ажиллаж байна. Тиймдээ ч, бид 2024 оны бодлогын тэргүүлэх чиглэлийн гуравдугаарт хүний хөгжлийн үзүүлэлтийг сайжруулах гэж тодорхойлсон. Энэ хүрээнд 28 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж, өвчлөл нас баралтыг бууруулах, эмийн чанар, хүртээмжийг сайжруулах, нийгмийн баталгааг дээшлүүлэх ажлууд туссан. Мөн МСҮТ-ийг олон улсын түвшинд хүргэж /Коосэн/, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн ур чадвартай хүний нөөцийг нэмэгдүүлэх  ажлыг  чухалчилсан.

Тухайлбал, 21 аймагт төрөлжсөн технологийн коллеж (Коосэн)-ыг нэвтрүүлнэ. Шинжлэх ухаан, технологийн /суурь, хэрэглээний, технологи/ судалгаа хөгжүүлэлтийн ажил болон дээд боловсролын судалгааг эдийн засгийн эргэлтэд оруулна. Эрүүл мэндийн салбарт дотоодод худалдаалж байгаа эмийн чанарыг олон улсын стандартад нийцүүлэх замаар эмийн чанар стандартыг сайжруулж, хангамжийг нэмэгдүүлнэ. Төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг дээшлүүлэх хүрээнд үр дүнд суурилсан удирдлагын тогтолцоонд бүрэн шилжих замаар төрийн албаны бүтцийн шинэчлэлийг хийж, төрийн албан хаагчдын цалин хөлсийг ажлын бүтээмж, үр дүнтэй уялдуулан нэмэгдүүлнэ. Түүнчлэн, нийгмийн даатгалын шударга тогтолцоонд шилжүүлж, НДС-аас олгох тэтгэвэр, тэтгэмжийг үе шаттайгаар нэмэгдүүлэх, нийгмийн зорилтот бүлгийг зөв тодорхойлж, нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлж, нийгмийн баталгааг дээшлүүлэх гэх мэт онцлох арга хэмжээнүүд туссан.

-Монгол Улсын хүн амын тал нь амьдарч байгаа Нийслэлийн талаар ямар бодлого барих вэ?

-Өөр нэг чухал асуудал нь Монгол Улсын хүн амын 50-аас илүү хувь нь амьдардаг Улаанбаатар хотын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах, амьдрах таатай орчныг нэмэгдүүлэх зорилтыг тавьсан.  Тус бүлгийн хүрээнд авто зам, зорчих дэд бүтцийг нэмэгдүүлэх, нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, авто замын ачаалал, агаарын бохирдол, инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын нийт 3,761.2 тэрбум төгрөгийн 23 төсөл, арга хэмжээг тусгасан.

2022 оны байдлаар нийт зорчигчдын 34 хувь нь нийтийн тээврээр зорчиж байгаа бол 2024 онд үүнийг 56 хувьд хүргэж нэмэгдүүлнэ. Энэ зорилтын хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, нийтийн тээврийн чиглэл, тээврийн хэрэгслийн хуваарилалт, санхүүжилтийн механизмыг оновчтой болгох төсөл, арга хэмжээг тусгаад байна.

Сүүлийн 10 жилд Улаанбаатар хотын авто замын урт ойролцоогоор 19 хувиар, авто машины тоо 2.8 дахин нэмэгдэж, дундаж хурд 13 км/цаг байна. Иймд Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөнд түгжрэлийг бууруулах дэд бүтцийг бий болгох төслүүдийг түлхүү тусгалаа. Үүнд, шинэ тойрог зам, Сэлбэ-сэргэлт төсөл, Богдхан төмөр зам багтаж байна. Мөн агаарын бохирдлыг бууруулах дэд бүтцийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэхээр инженерийн бүрэн хангамжтай сууцанд амьдардаг өрхийн тоог нэмэгдүүлэх, шинэ суурьшлын бүсэд инженерийн дэд бүтцийн хүртээмжийг сайжруулах, гэр хорооллын инженерийн дэд бүтцийн хангамжийг сайжруулах төслүүдийг мөн тусгасан.

-Хүний оршихуйн нэг үндэс нь эрүүл хүнс байдаг. Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг сайжруулах” хөдөлгөөнтэй хэрхэн уялдаж байгаа вэ?

Хүнсний хангамж, аюулгүй байдлыг сайжруулах асуудал бол Засгийн газраас баримталж буй томоохон зорилтын нэг. Тиймдээ ч бид бодлогын тэргүүлэх чиглэлийн тавдугаарт чанар, стандартын шаардлага хангасан хүнсний бүтээгдэхүүний дотоодын хангамжийг нэмэгдүүлэх хэд хэдэн томоохон төсөл, арга хэмжээг тусгаад байна. Томоохон үр дүн нь хүнсний үйлдвэрлэлийн дэмжлэгийг эцсийн үр дүнд чиглүүлж, чанар, стандартын шаардлага хангасан хүнсний бүтээгдэхүүний хангамжийн түвшнийг нэмэгдүүлж, хүн амын хүнсний гол нэр төрлийн 16 бүтээгдэхүүний дотоодын хангамжийг 95 хувьд хүргэх юм. Импортын хамаарлыг бууруулах, нийлүүлэлтийн сүлжээ, аюулгүй байдлыг хангах тогтолцоог бүрдүүлнэ.

УИХ-аас “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах арга хэмжээний тухай”  36 дугаар тогтоолыг батлан хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Үүнийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөнгөлөлттэй зээлийн хүүгийн санхүүжилтийг бүрэн тусгасан. Мөн хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой таван байршилд ҮТП байгуулах хувийн хэвшлийг инженерийн дэд бүтцээр дэмжинэ.

-Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” буюу аялал жуулчлалын жил болгон зарласан. 2024 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөнд аялал жуулчлалтай холбоотой төсөл, арга хэмжээ суусан уу?

-2024 онд баримтлах бодлогын дөрөвдүгээр тэргүүлэх чиглэл нь Аялал жуулчлалыг хөгжүүлэх юм. Тус бүлгийн хүрээнд жуулчдад зориулсан үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын бүс нутгийн авто замын дэд бүтцийн чанар, хүртээмжийг сайжруулах 801 тэрбум төгрөгийн 35 төсөл, арга хэмжээг тусгасан.

Цар тахлын нөлөөгөөр 2022 онд Монголд ирсэн гадаад жуулчдын тоо 300 мянга болж буурсан. Аялал жуулчлалын салбарын бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, дэд бүтцийг сайжруулах хөрөнгө оруулалтыг түлхүү хэрэгжүүлж, 2024 онд нийт 1.3 сая жуулчин хүлээн авна.

Жилд 1.3 сая жуулчин хүлээн авахын тулд бид хамгийн эхэнд агаарын тээврийн либералчлалыг бүрэн хэрэгжүүлэх, 4C, 4D ангиллын агаарын хөлөг хүлээн авах хүчин чадлыг нэмэгдүүлэх, нисэх буудал, зорчигч үйлчилгээний цогцолборыг байгуулах, тусгай үүргийн нислэгүүдийг зөвшөөрөх, орон нутгийн нислэгийг нэмэгдүүлж, тогтмолжуулах гэх мэт хатуу болон зөөлөн дэд бүтцийн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж, агаарын тээврээр зорчих жуулчдыг нэмэгдүүлнэ.

Мөн түүнчлэн, жуулчдад зориулсан бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, виз олголтыг хялбаршуулах, визгүй зорчих боломжийг бүрдүүлэх, хил орчмын болон хил дамнасан аялал жуулчлалын бүс нутгуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, аялал жуулчлалын бүс нутгийн авто замын дэд бүтцийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх хатуу хучилттай авто зам, авто замын их засвар, гүүр, гүүрэн байгууламжийн хөрөнгө оруулалтыг түлхүү тусгасан.

Ногоон эдийн засаг, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад дэлхий дахин ихээхэн анхаарч байна. Монгол Улс мөн адил тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад  хүчин чармайлт гаргаж байгаа. Тухайлбал Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн. Тэгвэл яг ирэх онд буюу 2024 онд бид ногоон хөгжлийн ямар бодлого баримталж, ямар төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгаад байна вэ?

Бодлогын тэргүүлэх чиглэлийн наймдугаарт ногоон хөгжлийг дэмжих найман төсөл, арга хэмжээг тусгасан. Тус бүлгийн хүрээнд тэрбум мод, ойгоор бүрхэгдсэн талбай, байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх арга хэмжээнүүд туссан. Ойн санг нэмэгдүүлэх хүрээнд хэрэгжих томоохон төсөл хөтөлбөр бол “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, цөлжилтийг сааруулах элсний нүүдлээс  хамгаалах, хамгаалалтын зурвас байгуулах ажлууд байгаа. Түүнчлэн бид ногоон эдийн засгийн бодлогыг орхигдуулалгүй байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, үйлчилгээнд дэмжлэг үзүүлж, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх төсөл, арга хэмжээг тусгасан.

Гадаргын усны хуримтлалыг нэмэгдүүлэх төсөл, арга хэмжээний судалгаа, шинжилгээний ажлыг эрчимжүүлнэ. “Онги-Цагаан бургастай төсөл”-ийг эхлүүлж,  Ашиглалтад өртөмтгий амьтан, ургамлын ашиглалтын нөөцийг бүсчлэн бий болгоно. Мөн нэн ховор, ховор амьтан, ургамлыг хамгаалж, нөхөн сэргээн нутагшуулах ажлыг хийнэ.

Авлигатай өргөн хүрээнд тэмцэж байна. Энэ талаар хөгжлийн төлөвлөгөөнд туссан уу. Төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх асуудлыг хэрхэн төлөвлөж байна вэ?

-Засаглалын үзүүлэлтийг сайжруулна гэсэн бодлогын тэргүүлэх чиглэл байгаа энэ хүрээнд  цахим засаглал, авлига, төрийн бүтээмж, батлан хамгаалах чадавх, шүүх засаглалыг сайжруулах зэрэг асуудлыг цогцоор нь харж  20 төсөл, арга хэмжээг 100.5 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэн хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

Монгол Улс 2021 оны байдлаар 214 улсаас Засгийн Газрын үр нөлөөтэй байдлын үзүүлэлтээр 137 дугаар байрт, Авлигын хяналтын үзүүлэлтээр 139 дүгээр байрт, Хуулийн засаглалын үзүүлэлтээр 113 дугаар байрт, “Иргэдийн дуу хоолой ба хариуцлага”-ын үзүүлэлтээр 89 дүгээр байрт тус тус жагсаж байна. Авлигын үзүүлэлтийг сайжруулах чиглэлд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог боловсронгуй болгоно. Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үр ашгийг нэмэгдүүлж,  төрийн цахим үйлчилгээний хэрэглэгчдийг хоёр саяд хүргэх, харилцаа холбооны дэд бүтцийг сайжруулах, газрын харилцааны үйлчилгээг хялбаршуулах гэх мэт төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх томоохон ажлуудыг хийхээр төлөвлөж байна.

-Гэхдээ нэг зүйлийг тодруулахад сүүлийн үед улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний хэрэгжилт доогуур байна гэсэн Аудитын дүгнэлт гарсан. Ирэх оны төлөвлөлтийн хэрэгжилтийг хэрхэн хангах вэ. Мөн адил хэрэгжилт доогуур гарвал танай судалгаа, төлөвлөсөн ажил үр дүнгүй болно. Харин бүрэн хэрэгжүүлснээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт хэдэн хувьд хүрэх вэ?

Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөнд зургаан бодлогын хүрээнд 23 зорилт дэвшүүлж, 300 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс 2022 оны жилийн эцсийн байдлаар дунджаар 67.5 хувьтай гарсан. Хэрэгжилт доогуур байдгийн хоёр том шалтгаан нь үр дүнгийн үзүүлэлт, түүнийг хэмжих шалгуур үзүүлэлтийг төлөвлөдөггүй, мөн төсөл, хөтөлбөрийн бэлтгэл байдал, санхүүжилтийн эх үүсвэр, санхүүжилтийн хэмжээг нарийн тооцоогүй, төсөв, өр, гадаадын зээл, тусламж, болон ТХХТ, хувийн хөрөнгө оруулалтын орон зайд бүрэн нийцүүлээгүй байсан. Энэ оны хөгжлийн төлөвлөлт нь үр дүнд чиглэсэн, санхүүжилтийн нөөц боломжтой бүрэн уялдсан. Тэгэхээр хэрэгжилтийг оны эхнээс жигд ханган ажиллах, гүйцэтгэлийг сайжруулах боломжтой гэж харж байна. Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө бүрэн хэрэгжсэнээр Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн биелэлт 80.4 хувьд, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт 82 хувьд хүрэх урьдчилсан тооцоо гарсан.

2 САНАЛ

  1. ЭЗХЯ-наас тэргүүлэх чиглэлийг тодорхойлж, биелэгдэх боломжтой ажил төлөвлөж эхэлсэн нь сайшаалтай.

  2. Ymar bolovrol turshlagtai hun be? mongol ulsiin 2024 onii bodlogiin bicheg barimt bolovsruulah her chadvartau hun be

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу