Засгийн газрын өнөөдрийн /2023.06.07/ хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. 

ЦХХХ-ны сайд Н.Учрал “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр АНУ-ын “Tesla”, “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал, “Twitter” компанийн технологи хариуцсан захирал Илон Масктай өчигдөр цахимаар уулзалт хийсэн. Уулзалтын үеэр харилцаа холбооны салбарт ногоон технологийн чиглэлээр, дэвшилтэт технологи нэвтрүүлэх чиглэлээр ярилцсан. Энэ хүрээнд интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгыг агуулж буй “Старлинк” компанийг Монголд үйл ажиллагаа явуулах боломж бололцоогоор хангахад хамтарч ажиллах талаар ярилцсан.

“Старлинк” компани нь АНУ, Канад, Англи, Шинэ Зеланд зэрэг дэлхийн томоохон улсуудад үйлчилгээ хүргэж байгаа. Азийн орнуудын тухайд Япон, Филиппинд үйлчилгээгээ нэвтрүүлээд өнөөгийн байдлаар 4,000 гаруй нам орбитын хиймэл дагуулыг хөөргөн дэлхийг хамарсан хиймэл дагуулын сүлжээг бий болгож байна.

Манайх шиг өргөн уудам газар нутагтай улс оронд харилцаа холбооны салбарт шинэ дэд бүтцийг бий болгож, интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлэн хөдөө орон нутагт суугаа малчдад хүргэх шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа.

Бид бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан болоод хувийн хэвшилтэй хамтраад өнгөрсөн хугацаанд улсын 1/3-г шилэн кабель болон интернэтийн сүлжээгээр холбосон. 1,226 багт холболтуудыг хийсэн. Гэвч цаашид хувийн хэвшилтэй хамтраад интернэт хүргэж эхлэхэд нэлээд бэрхшээл дагуулж байгаа.Тийм учраас малчдад интернэт үйлчилгээ хүргэхийн тулд шинэ дэд бүтцийг бий болгоно. Үүний тулд “Старлинк” компанийг Монголд оруулж ирэх нөхцөл бололцоогоор хангах шаардлагатай байгаа. Үүнийг өчигдөр Ерөнхий сайд Илон Масктай цахимаар уулзах үеэр харилцан тохиролцож, Засгийн газраас дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлсэн.

Старлинк компани монголд компаниа байгуулаад үйл ажиллагаагаа эхлүүлэх хүсэлтээ 2022 оны тавдугаар сарын 6-нд Харилцаа холбооны зохицуулах хороонд илэрхийлсэн байдаг.

Миний хувьд сайдаар томилогдсоны дараа нам орбитыг хэрэглэх талаар баримтлах чиглэлтэй сайдын тушаалыг хүчингүй болгосон. Энэ тушаалд “Старлинк” компани орж ирэхэд заавал газрын станц байгуулах шаардлагатай гэсэн байсан. Нам орбитын үйлчилгээ эрхэлж байгаа байгууллагад газрын станц байгуулах шаардлагагүй байдаг.

Тиймээс өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Харилцаа холбооны тухай болон Зөвшөөрлийн тухай хуульд тодорхой өөрчлөлт оруулаад, “Старлинк” компанийг Монголд оруулж ирэхэд хоёр биш нэг тусгай зөвшөөрөл авах боломжтой болгохоор шийдвэрлэлээ.

Ингээд долдугаар сард “Старлинк” компанийн мэргэжилтнүүд Монголд ирж ажиллах үеэр нэгдсэн шийдэлд хүрэхээр болсон.

Мөн цахилгаан машины хэрэглээг нэмэгдүүлэх, хурдан цэнэглэгчтэй байршлуудын тоог олшруулах асуудлаар ярицлсан. Энэ чиглэлээр С.Бямбацогт сайдаар ахлуулсан ажлын хэсгийг байгуулсан” гэлээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу