Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шувуу” ажиллагааны талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар холбогдох албаныхны хамт өнөөдөр /2023.06.07/ мэдээлэл өглөө. 

Тэрбээр “Авлига, албан тушаалын хэрэгт шалгагдаж байхдаа болон бусад төрлийн гэмт хэрэг үйлдээд мөрдөн шалгах ажиллагааны явцад оргон зайлсан 92 хүний нэрийг зарлаж байсан. Шалгалтын хүрээнд энэ тоо 127 болж өссөн. Тэднийг тасралтгүй эрэн сурвалжилж байна. 

Өнөөдрийн байдлаар интерполын улаан булант зар мэдээгээр 22, хөх булантаар 70 хүнийг гээд нийт 92 хүнийг эрэн сурвалжилж байна. Үүнээс зургаадугаар сарын 5-ны өдрийн байдлаар улаан булантаар гурав, хөх булантаар 42, нийт 45 хүнийг олж тогтоосон.

Үүнээс өнөөдрийн байдлаар авлига, албан тушаалын болон бусад төрлийн гэмт хэрэг үйлдээд зугтсан таван этгээдийг авч ирсэн. Мөн сайн дураараа хэргээ шийдүүлэхээр 12 хүн ирсэн. Тэдгээрээс дөрвөн этгээдэд холбогдох дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлсэн. Нэмж 10 орчим хүнийг авч ирэхээр бэлтгэл ажлаа хангаж байна. 

Интерполын улаан буланд эрэн сурвалжилж буй 47 этгээдээс 25-ынх нь байгаа газрыг тогтоосон.

Тухайлбал: 

  • Бүгд Найрамдах Казахстан Улсад 3, 
  • Бүгд Найрамдах Турк Улсад 4,
  • Бүгд Найрамдах Солонгос Улсад 6, 
  • Америкийн Нэгдсэн Улсад 1,
  • Бүгд Найрамдах Франц Улсад 1,
  • Австрали улсад 1, 
  • Испанийн Хаант Улсад 1,
  • Бүгд Найрамдах Беларусь Улсад 1, 
  • БНХАУ-ын Хонконгт 2,
  • Япон улсад 1,
  • Швейцарын Холбооны Бүгд Найрамдах Улсад 1,
  • Шведийн Хаант Улсад 1,
  • Малайз улсад 1,
  • Бүгд Найрамдах Киргиз Улсад 1 иргэн байна. 

Дээрх 25 этгээдийн гадаад паспортын бүртгэлийг улсын бүртгэлийн мэдээллийн санд хүчингүй болгосон.

Энэ хүмүүсээс нэн түрүүнд 12 этгээдийг яаралтай шилжүүлэн авч ирнэ. Харин хаяг нь тодорхой болсон үлдсэн 13 хүнийг “Эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээ”-ний дагуу тухайн улсын хууль сахиулах байгууллагад албан бичиг хүргүүлж, хамтран ажиллаж байна. Оршин суугаа хаяг нь тогтоогдоогүй байгаа 22 этгээдийг эрэн сурвалжлах ажил үргэлжилж байна” гэлээ.

Үргэлжлүүлэн нэр бүхий хүмүүсийн талаар дараах мэдээллийг өглөө. 

 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу