Парисын олимпын наадамд оролцох тамирчид эрхийн оноогоо цуглуулж, спортын төрөл бүрд хичээж байна. Гэтэл Монголын чөлөөт бөхийн холбоо Улсын аваргадаа түрүүлж, дэлхий болон ААШТ-нд медаль хүртэж, дэлхийн чансааны тэмцээнд тэргүүлсэн бөхчүүдээ хохироох үйлдэл гаргасаар байгаа нь олимпын өмнөх жил тамирчдаа хорлосон үйл явдал болж байгаа юм. Монгол Улсын анхны олимпын медалийг эх орондоо авч ирж байсан чөлөөт бөхийн тамирчид өнөөдөр бухимдалтай сууна. Холбооны зүгээс алга дарам цаас гаргаж ДАШТ-д оролцох тамирчдын дунд сонгох шалгаруулалт явуулна гэжээ. Чөлөөт бөх гэлтгүй бүхий л спортын төрөлд улсын аварга шалгаруулах тэмцээндээ түрүүлсэн тамирчин тухайн оныхоо ДАШТ-д явдаг. Гэтэл улс төр, нам дамжиж явсан Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийг “тоносон” гэгддэг Х.Бадамсүрэн тэргүүнтэй, ЕТГ-ын дэд дарга бөгөөд тус холбооны дэд ерөнхийлөгч Я.Содбаатар зэрэг МАН-ынхан Монголын чөлөөт бөхийн холбоог улдан чангаах ажлыг гаргууд хийж эхэллээ.

Энэ талаар Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид эсэргүүцэж, байр сууриа илэрхийлж байгаа юм. Токиогийн зуны олимпын наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин Б.Болортуяа “МЧБХ. Ямар дүрэм журмаар, яаж ДАШТ оролцох ёстой юм бэ. Багш, тамирчдынхаа үг, дуу хоолойг сонсдоггүй яачихсан удирдлагууд, мэргэжлийн зөвлөл вэ. Миний бие 2022 онд Дэлхийн чансааг тэргүүлж, сүүлчийн Казакстан улсад зохиогдсон ранкын тэмцээндээ түрүүлээд байж байхад УАШТ тов гарсан тамирчид бид 5-6 кг жин хасч барилддаг. Сэргэлт, формжилт маш чухал. Хоёр тэмцээний хооронд дор хаяж 45 хоног байх ёстой байтал 20 хоногийн дараа УАШТ зохиосон. Гэнэт зарласан тэмцээний үеэр гэмтэл авч, 2022 оны Белградын ДАШТ-ийг өнжсөн. Чансааг тэргүүлж байсан ч сорил хийлгүй, УАШТ-д түрүүлсэн тамирчнаа явуулсан. Тиймээс “УАШТ чухал юм байна” гэж ойлгон, бэртлээ эдгээж, 2023 оны УАШТ-д түрүүлээд ДАШТ-д оролцох гэтэл сорил яриад байх юм. УАШТ гол биш юм уу. Би 2022 оны ДАШТ-д оролцсон бол аварга болох бүрэн боломжтой байсан. Монголын чөлөөт бөхийн холбоо ажлаа арай өөрөөр хийгээд байгаа юм биш үү. Амжилт гаргаж байгаа тамирчиддаа дэмжиж шагнаж урамшуулмаар байна “Токио-2020” олимпын наадмаас ирэхэд МЧБХ 10сая төгрөгний пайз өгсөн, мөнгийг нь одоо болтол өгөөгүй. 2023 оны чансааны бүх тэмцээнд тамирчид хувийн зардал мөнгөөр явж байна шүү дээ” хэмээн байр сууриа илэрхийлсэн. Олимпын наадмаас ирэхэд нь 10 сая төгрөгийн пайз гарт нь бариулж зургаа татуулчихаад одоо болтол амласан мөнгөө ч өгөлгүй луу унжиж яваа чөлөөтийн удирдлагууд юу бодож явна вэ.

Мөн Дэлхийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин П.Орхон “МЧБХ-ын ерөнхийлөгч Х.Бадамсүрэн, ерөнхий нарийн бичгийн дарга П.Буяндэлгэр нарт хаяглахад, 

Монголын чөлөөт бөхийн тамирчдын ирээдүйгээр тоглох эрх та нарт байхгүй. Миний хувьд хувийн зардал тусалж дэмждэг хүмүүсийнхээ ачаар өдийг хүртэл явлаа. Холбооноос нэг ч төгрөгөөр дэмжээгүй. 4-5 удаагийн явалтаар 40-50 сая төгрөг зарлагадаад байна. Миний энэ жилийн амжилт 1. Улсын аварга боллоо 2. Азийн аваргын мөнгөн медаль, 3. Бишкек чансааны тэмцээнд мөнгөн медаль хүртлээ. Одоо дэлхийн аваргадаа явна гэж бодож байтал “Сорилт” хийнэ гэх үндэсгүй зүйлийг хэн ч томилоогүй “Мэргэжлийн зөвлөл” гэх Бу.Батбаяр тэргүүтэй нөхдүүд гаргажээ. Өнгөрсөн жил улсын аварга болсон тамирчид шигшээ багтаа ороод дэлхийн аваргадаа барилдсан. Энэ жил улсын аварга болсон тамирчдыг ялгаварлан гадуурхаж байна. Одоо та нартай ингээд дуугүй суугаад байна гэж байхгүй, явах газар хүртэл нь явна. Өдийг хүртэл энэ холбооны удирдлага юу ч хийсэнгүй.

  1. Тэмцээнийг бидний хураамжны мөнгөөр зохион байгуулна.
  2. Визний асуудал удаа дараа гаргаж биднийг хохирооно.
  3. Тамирчдад шагналын мөнгө өгдөггүй.
  4. Дэлхийн бөхийн холбооноос ирсэн шагналыг нуун дарагдуулж өөрсдөө завшина.
  5. Ази тивийн аварга зохион байгуулж ашиг олж тайлангаа тавихгүй өөрсдөө авна.

Ийм нөхдүүд одоо ажлаа өг. Бид ийм нөхдүүдээр өөрсдийн ажил амьдралаа шийдүүлмээргүй байна. Шударга зүйл нэг ч алга. Цаашид тамирчид бид нэгдэж хэвлэл мэдээллийн байгууллагуудад хандаж чөлөөт бөхийн бусармаг үйл ажиллагааг ил болгохын төлөө явна! Манай тамирчид эхнээсээ үзэл бодлоо илэрхийлээд эхэлсэн!” хэмээж байгаа юм. Тамирчдынхаа тэмцээний зардлыг гаргаж чадахгүй, Дэлхийн бөхийн холбооноос ирүүлсэн шагналын мөнгийг нь хуваагаад цохьчихдог ийм удирдлагатай чөлөөт бөхийн тамирчдаас ямар амжилт нэхэх юм бэ.

Спорт, улс төр хоёр тусдаа зүйл. Үүнийг нэгтгэн нэг болгон ойлгож, улс төр шигээ хор хутгавал хаа ч хүрдэг гэх ойлголтоор спортод хандаж болохгүй Х.Бадамсүрэн, Я.Содбаатар хоёр оо. ГОК-ийг цөлмөж, цөмчихөөд яваад өгдөг шигээ Чөлөөт бөхийн холбоог самарвал тамирчид чинь бослого, тэмцэл гаргана. ДАШТ-ийхээ өмнө сорилго гэж тэнэглэж байхаар улсын аваргадаа түрүүлсэн тамирчдаа тэмцээнд нь явуул. Замын зардлыг нь олж өг. Гар газар, хөл хөсөр тамирчид чинь хэдэн найз, нутгийн компаниудынхаа үүдийг сахьж тэмцээндээ явж байгаа нь үнэн. Улс төр хийдэг газраа улс төрийн хороо найруул. Чөлөөт бөхийн холбооноос улс төрийн хороо татаж ав. Ингэж ад болж байхаар Х.Бадамсүрэн, Я.Содбаатар нар хөөгдөж байхаад өөрсдөө зайлчихмаар байгаа юм даа.

1 сэтгэгдэл

  1. Гол хүмүүсийн нэр алга аа. Буяндэлгэрийн Батбаяр, Пэлжээгийн Буяндэлгэр гэгч гол үүрэг гүйцэтгээд дураараа дургиж байгаа хүмүүс. Бүх эрх мэдэл энэ 2 хүнд байгаа шүү

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу