УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.06.08/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар  Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 03 дугаар дүгнэлтийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат “Иргэд төв талбай дээрээ үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж байх ёстой. Гэтэл хууль, хяналтын байгууллагынхан байнга шахаж, дарамталдаг. Хуульд хяналт тавьдаг УИХ энэ асуудлын талаар огт дуугардаггүй. Нөгөө хүмүүс нь арга ядаад Элчин сайдын яамдын гадаа очиж, жагсаж байна.

Долоо, найман настай хүүхдийг хүчирхийлээд, жорлон руу аваачаад шидчихэж байна. Ийм үйлдлээс урьдчилан сэргийлдэг, хамгаалдаг ажил алга. Аргагүйн эрхэнд өөрийгөө хамгаалахын тулд иргэд янз бүрийн үйлдэл хийж байгаа гэж ойлгосон. 

Төр засаг иргэдээ хамгаалж, Үндсэн хуульд заасан эрхийг нь эдлүүлж чадахгүй бол эрүүл саруул иргэддээ буу, зэвсэг эзэмших эрхийг нь өгөх хэрэгтэй” гэлээ. 

Үүнийг нь Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан шүүмжилж, “Хүүхдэд хүчирхийлэл үйлдэж байна, Монгол улс иргэдээ хамгаалахгүй байна гэдэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангиар зохицуулагддаг асуудал.

Иргэддээ буу өгье гэж хэлэх нь УИХ-ын гишүүний хэлэх үг мөн үү. Ингэж болохгүй байх. 

УИХ-ын энэ хариуцлагатай индэр дээрээс хуулийн зохицуулалт ярих ёстой” гэсэн юм. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу