УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийг цагдан хорих хугацааг сунгажээ.

Тодруулбал, тавдугаар сарын 30-нд Прокуророос УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлд яллах дүгнэлт үйлдэн, хэргийг нь шүүхэд шилжүүлсэн билээ. 

Улмаар хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянаж буй юм. Уг шүүхээс түүнийг үргэлжлүүлэн цагдан хорихоор шийдвэрлэсэн талаар дараах мэдэгдлийг гаргажээ. 

Мэдэгдэлд “Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч С.Батдөл, Б.Эрдэнэхүү, Д.Адъяацэрэн, С.Баттулга, Б.Энхмандах, Ж.Багамонгол, Р.Дашбилэг нарын 7 хүнд холбогдох эрүүгийн хэргийг 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн аваад хянаж байна.

Хавтаст хэргийн материалаас үзэхэд яллагдагч С.Батдөлд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдөр дуусахаар байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “…эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ зүйлийн 1.5-д заасан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүх авна” гэж хуульчилсан.

Яллагдагч С.Батдөлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийн шинжийг харгалзан тус шүүхийн шүүгчийн 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 952 дугаартай захирамжаар яллагдагчийг шүүх хурлын тов тогтоох хүртэл цагдан хорих хугацааг сунгаж шийдвэрлэлээ” гэжээ.

Сануулахад, Өнгөрөгч нэгдүгээр сарын 5-нд Эрүүгийн цагдаагийн албанаас УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийн гэрт нэгжлэг хийж, 7.3 тэрбум төгрөгийн гадаад валют, гурав орчим тэрбум төгрөгийн үл хөдлөхийн гэрчилгээ илрүүлэн, хурааж авсан билээ. Түүнээс хойш дөрвөн сар цагдан хориод буй юм.


ХУУЛИЙН ТАЙЛБАР:

Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйл: Нийтийн албан тушаалтан хахууль авах

2.Энэ гэмт хэргийг нийтийн албан тушаалтан, эсхүл зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйл: Үндэслэлгүйгээр хөрөнгөжих

1.Нийтийн албан тушаалтны хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь үндэслэлгүй болох нь тогтоогдсон бол үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйл: Мөнгө угаах

2.Энэ гэмт хэргийг:

2.1.энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого болохыг мэдсээр байж;

2.2.байнга тогтвортой үйлдэж;

2.3.албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу