2023 оны улсын төсөвт тодотгол хийх хуулийн төслийг өнөөдөр /2023.06.08/ Засгийн газраас УИХ-д өргөн барилаа.

Энэ талаар төсвийн тодотголын төслийг өргөн барьсан Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайд Х.Булгантуяа нар мэдээлэл хүргэж байна.

Сангийн сайд Б.Жавхлан “Төсөвт тодотгол хийх хуулийн төслийг өргөн барилаа. Түүхий эдүүдийн экспорт богино хугацаанд нэмэгдсэн. 2022 оны төлбөрийн тэнцэл, төсвийн алдагдал, Монголбанкны валютын нөөц зэрэг үзүүлэлт илт сайжирсан. Тиймээс энэ удаад 1.8 их наяд төгрөгийн тодотгол хийх гэж байна. Үүний 50 хувь буюу 996 тэрбум төгрөг нь төрийн албан хаагчдын цалинг нэмэхэд зарцуулагдана. Мөн ахмад настнуудын тэтгэврийг нэмэгдүүлэхэд 396 тэрбум, хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгох, өнгөрсөн зургаан сарын мөнгийг нөхөж олгоход нийт 167 тэрбум төгрөг зарцуулахаар шийдлээ.

Төрийн албан хаагчдын цалингийн үндсэн хэмжээг буюу суурь хэмжээг 1 сая төгрөг орчимд ойртуулахыг зорьсон. Үүнд төрийн жинхэнэ албан хаагч, төрийн захиргааны албан хаагч нарын цалингуудад бүгдэд нь өөрчлөлт орж байгаа. Ингэхдээ өмнө нь орж байсан өөрчлөлтүүдийн хэмжээг харгалзан ялгаатай нэмэгдэхээр байна” хэмээн онцоллоо. 

Төрийн албан хаагчдын цалинг дараах байдлаар нэмэхээр тооцжээ. 

Боловсролын салбарт 56,7 мянган хүн ажиллаж байна. Тэдний цалин дараах байдлаар нэмэгдэнэ.

  • 663,400 төгрөг авдаг байсан бол тодотголоор 1 сая болж нэмэгдэнэ.
  • 964,900 төгрөг авдаг байсан бол тодотголоор 1,403,900 төгрөг болж нэмэгдэнэ.

Эрүүл мэндийн салбарт 26 мянган албан хаагч ажиллаж байна. Тэдний цалин дараах байдлаар нэмэгдэнэ.

  • 616,600 төгрөг авдаг байсан бол тодотголоор 1 сая төгрөг болж нэмэгдэнэ.
  • 1,039,100 төгрөг авдаг байсан бол тодотголоор 1,547,800 төгрөг болж нэмэгдэнэ.

Соёл урлагийн салбарт 5 мянган хүн ажиллаж байна. Тэдний цалин дараах байдлаар нэмэгдэнэ.

  • 590,900 төгрөг авдаг байсан бол тодотголоор 1 сая болж нэмэгдэнэ.
  • 995,800 төгрөг авдаг байсан бол тодотголоор 1,547,800 төгрөг болж нэмэгдэнэ.

Шинжлэх ухааны салбарт 1,700 хүн ажиллаж байна. Тэдний цалин дараах байдлаар нэмэгдэнэ. 

  • 740,300 төгрөг авдаг байсан бол тодотголоор 1 сая төгрөг болж нэмэгдэнэ.
  • 1,186,700 төгрөг авдаг байсан бол тодотголоор 2,218,100 төгрөг болж нэмэгдэнэ.

Төрийн захиргааны салбарт 24,9 мянган хүн ажиллаж байна. Тэдний цалин дараах байдлаар нэмэгдэнэ. 

  • 717,700 төгрөг авдаг байсан бол 1 сая төгрөг болж нэмэгдэнэ.
  • 1,755,100 төгрөг авдаг байсан бол 2,329,000 төгрөг болж нэмэгдэнэ.

Төрийн тусгайгийн салбарт 47,2 мянган хүн ажиллаж байна. Тэдний цалин дараах байдлаар нэмэгдэнэ.

  • 746,100 төгрөг авдаг байсан бол 1 сая төгрөг болж нэмэгдэнэ.
  • 1,512,800 төгрөг авдаг байсан бол 1,877,100 төгрөг болж нэмэгдэнэ.

Төрийн нийтлэг үйлчилгээний салбарт 58,3 мянган хүн ажиллаж байна. Тэдний цалин дараах байдлаар нэмэгдэнэ.

  • 565,300 төгрөг авдаг байсан бол 750,000 төгрөг болж нэмэгдэнэ.
  • 1,075,500 төгрөг авдаг байсан бол 1,418,300 төгрөг болж нэмэгдэнэ.

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу