Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс “Боловсролын салбар дахь тулгамдсан асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр (2023.06.08) “Олон нийтийн төв”-д зохион байгуулжээ.

Хэлэлцүүлгийг боловсролын салбарт авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр болон хууль бус хандив, тусламж, анги засвартай холбоотой асуудлаар хүргүүлсэн зөвлөмжийн үр дүн, тулгамдаж буй асуудал, гарц шийдэл, цаашид авах арга хэмжээг тодорхойлох зорилгоор боловсрол, төсөв, эрүүл мэнд, барилга, стандартын салбарын мэргэжилтнүүдийг оролцуулан зохион байгуулсан юм.

Иргэдээс ирүүлж байгаа боловсролын салбарт хамаарах өргөдөл, гомдлын тоо өссөөр байгаа юм. Тухайлбал, 2022 онд 268 гомдол ирсэн бол 2023 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн байдлаар 183 гомдол хүлээн авч шалгаж байна. Эдгээр гомдлын дийлэнх нь сурган хүмүүжүүлэх болон төсвийн хөрөнгө зарцуулалттай холбоотой байв. Авлигатай тэмцэх газраас дээрх гомдол, мэдээллийн мөрөөр хяналт шалгалт явуулж, илэрсэн зөрчлийг дахин гаргуулахгүй байх чиглэлээр 2022-2023 онд боловсролын салбарын байгууллагад нийт 17 зөвлөмж хүргүүлсэн бөгөөд зөвлөмжийн биелэлт хангалтгүй гэж үзэхээр байгаа аж.

Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир, Авлигатай тэмцэх газрын зөвлөмжид дурдсан асуудлаар төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт-шалгалт, үнэлгээг салбарын хэмжээнд харьяа 72 байгууллагад хийсэн бөгөөд уламжлалт арга хэвшлийг өөрчлөх, хамтын оролцоонд тулгуурласан бүтээлч шинэлэг байдлаар боловсролын үйлчилгээг хүргэхэд анхаарч байгаа талаар танилцуулжээ.

Тэрбээр сургууль, цэцэрлэгийн элсэлт, бүртгэл, боловсролын салбар дахь хүний нөөцийн хомсдол, төсвийн хүрэлцээгүй байдал нь гол тулгамдсан асуудал болж байгааг онцоллоо.

Нийслэлийн Боловсролын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Амартүвшин боловсролын салбарт өнөө тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэхийн тулд урсгал зардал болон бусад зардлын төсвийг нэмэгдүүлэх, тоног төхөөрөмж, хичээл сургалтын хэрэглэгдэхүүнийг бүрэн хангах, эцэг эх, асан хамгаалагчдын төлөөллийг оролцуулж мөнгө хураах хэлбэрийг таслан зогсоох, хууль бусаар төлбөр хураамж авсан тохиолдолд хариуцлагын тогтолцоог тодорхой болгох шаардлагатай байгаа талаар саналаа илэрхийлжээ.

Авлигатай тэмцэх газраас дээрх хэлэлцүүлгээр хөндсөн асуудлуудыг нэгтгэж, Зөвлөмж боловсруулан холбогдох байгууллагуудад хүргүүлэхээр ажиллаж байгаа аж.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу