УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар дараах мэдээллийг өглөө. 

Тэрбээр “УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хоёр хуулийн төсөл байгаа. Үүнийг нэгтгэх ажлын хэсэг гараад ажилласан. Энэ ажлын хэсэг гурван том өөрчлөлтийг авч үзсэн. 

Нэгдүгээрт, Намын нэрсийн жагсаалтын ард муу нэртэй хүн нуугдах вий гэдэг саналыг гишүүд хэлсэн. Тийм учраас нэр дэвшигчдэд тавих шаардлагыг өндөр болгох чиглэлээр санал бичиж, хуулийн төсөлд тусгасан. Улс төрийн намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээс янз бүрийн хэлбэрээр хөрөнгө мөнгө авч, санхүүжилт босгох явдал өмнө нь гардаг байсан. Үүнийг хаасан. 

Хоёрдугаарт, Сонгуулийн сурталчилгааны зардлыг бууруулах. Энэ чиглэлд нэг том өөрчлөлтийг хийсэн.  Гудамжинд байрлуулдаг зурагт самбаруудыг танаж, нэр дэвшигчдийн нэгдсэн нэг самбартай байхаар хуульд тусгасан. Бусад зохицуулалтууд бий. 

Гуравдугаарт, Сонгуулийн булхай, луйвар гарахгүй байхаар хэд хэдэн хаалт, зохицуулалтыг хийсэн. Ингээд Ажлын хэсэг бэлтгээд, өнөөдөр УИХ-ын чуулганд оруулж байна” гэлээ. 

Үргэлжлүүлэн сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-Тойргийг жижигрүүлж байгаа гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Тойргийн асуудлыг өнөөдөр шийдэхгүй. Мандат, тойрогтоо холбоотой асуудал ирэх жилийн нэгдүгээр сарын сүүлээр яригдана.

-Нэг хүйсийн квотыг 40 хувь болгохыг дэмжээгүй байна. Яагаад дэмжээгүй вэ?

-Одоо 20 хувь байгаа. Үүнийг 30 хувиас доошгүй гэж өөрчлөхөөр тусгасан. Эмэгтэйчүүдийн боломжийг хааж байна гээд байна. Бид харин ч маш том боломж гаргаж өгсөн. Нэр дэвшигчдийг жагсаахдаа хүйсийг нь 1:1 гэсэн харьцаагаар бичихээр болсон. Тэгэхээр УИХ-д 24 эмэгтэй гишүүн сонгогдож, орж ирэх бололцоог бүрдүүлчихэж байгаа юм. Жишээлбэл, МАН 18 суудал авлаа гэхэд 8 нь эрэгтэй, 8 нь эмэгтэй хүн байна гэсэн үг.

-Саналын босгыг 3 хувь байсныг 4 хувь болгож өндөрсгөсөн байна. Мөн 126 гишүүний 50 хувьд нь заавал нэг нам нэр дэвшүүлж байж суудал авах ийм асуудлыг хөндсөн байна. Тэгэхээр нэг талаараа жижиг намуудын боломжийг хааж буй хэрэг биш үү?

-4 хувь гэдгийг нийт сонгогчдоос биш, санал хураалтад оролцсон сонгогчдоос тооцно. Өөрөөр хэлбэл,  1,5 сая хүн санал хураалтад оролцлоо гэж бодоход 60 мянган хүний санал авсан нам босгыг давж байна гэсэн үг. 

Зарим улс төрийн нам тойрогт нэр дэвшүүлэхгүйгээр жагсаалтаар нэр дэвших магадлалтай. Тиймээс тойрогт тодорхой хэмжээний босго тавьж байгаа юм. Нэгэнт төр барина гэж байгаа нам бол тойрогт заавал нэр дэвших ёстой. 

Бидний гол зарчим бол парламентад олон намын төлөөллийг оруулах. Тийм учраас босгыг намхан байлгана. 

-4 хувьд хүрээгүй саналуудыг яах вэ?

-Тэр саналуудыг нэгтгээд 4 хувьд хүрсэн намуудад тэнцүү хуваана. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу