УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойших /2023.06.08/ нэгдсэн хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Өнөрболор дараах байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр “Улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх саналд дэмжлэг үзүүлсэн УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар нарт эмэгтэйчүүдийнхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Бусад эрэгтэй гишүүддээ хандаж, байнгын хороогоор дэмжээгүй квотын саналыг дэмжихгүй байхыг уриалж байна.  Үүнд тэгш эрхийн мэдрэмжтэй хандахыг хүсье.

Хуулиараа нам, эвслээс нэр дэвшигчийн 20 хувь нь аль нэг хүйсийнх байна гэж заасан байдаг. Хөрсөн дээрээ эмэгтэйчүүд 20 хувь, эрэгтэйчүүд 80 хувь байгаа. Эрчүүдэд ашигтай, ээлтэй улс төр болж явж ирсэн юм билээ. Өнгөрсөн он жилүүдэд эрчүүд давамгайлсан төр засаг байжээ. Тэгэхээр өнгөрсөн 30 жилийн тогтолцооны гажуудал, тэгш бус байдал зэрэгт дүгнэлт хийх цаг болсон. 

Эмэгтэйчүүд олноор улс төрд байсан бол өнөөдрийн энэ завхрал газар авч, улс орон хямралд орох байсан уу гэдэг талаас анхаарч үзэх хэрэгтэй байна” гэв.

Үргэлжлүүлэн тэрбээр УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгээс асуулт асуулаа. 

-Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл хэзээ орж ирэх вэ. Би бодохдоо ҮХОӨ, УИХ-ын сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хууль гурав багцаараа хэлэлцэгдэж байж улс төрийн суурь шинэчлэл чанартай болж, цаашлаад улс орны хөгжилд дэвшил гарна гэж ойлгосон. Гэтэл хоёр хууль нь хэлэлцэгдэж байна. Нэг нь өргөн баригдсан ч хэлэлцэх тов нь тодорхойгүй байна.

Үүнд УИХ-ы гишүүн Д.Тогтохсүрэн дараах хариултыг хэллээ.

-Энэ гурван хуулийг ар араас нь хэлэлцэж байна. Долдугаар сарын 7-ноос өмнө Улс төрийн намын тухай хуулийг хэлэлцэж, батална. Энэ гурван хууль хамт орж ирсэн. Улс төрийн намыг хариуцлагажуулах, сахилагажуулах, ил тод болгох ёстой гэдэгт санал нэг байгаа. Тиймээс ажиллаж байна. 

ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ: 

 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу