-ЗАМЫН УЛААН УУЛД 103.11 га АШИГЛАЛТЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШДЭГ ДЭД САЙД БАЙЖ БОЛОХ УУ-

МАН-ын Бага хурал оны өмнө хуралдаж хэд хэдэн томилгоо хийсэн. Үүний нэг нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар ажиллаж байсан О.Батнайрамдалыг МАН-ын орон тооны нарийн бичгийн даргаар томилох шийдвэр гарсан. Тиймээс Засгийн газрын энэ оны нэгдүгээ сарын 5-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар Охиндоогийн Цэндсүрэнг томилсон юм. МАН, МАХН нэгдсэн цагаас хойш МАХН-ын талаас Засгийн газарт орж ажилласан хүн байхгүй байсан тул Н.Энхбаярын шахаагаар анхны томилгоо хийгдсэн нь дэд сайд О.Цэндсүрэн юм.

Тэрбээр 1989 онд тус улсын Свердловск хотын Уул уурхайн дээд сургууль, 1999 онд Улаанбаатар хууль зүйн дээд сургууль, мөн онд Шинжлэх ухаан технологийн их сургуулийг тус тус төгссөн. Уул уурхайн инженер, эрх зүйч мэргэжилтэй, Техникийн ухааны магистр, дэд докторын зэрэгтэй. Ажилласан байдал нь 1999-2003 онд Хөдөө аж ахуй, үйлдвэрийн яаманд мэргэжилтэн, 2003-2008 онд Үйлдвэр худалдааны яамны Эрдэс баялгийн бодлого, зохицуулалтын газрын орлогч дарга, 2009-2015 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд шинжээч, референт, ахлах референт, 2015-2016 онд Уул уурхайн яамны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга, 2016 оноос “Гурван сор” ХХК-д зөвлөх, 2018 оноос “Шарын гол” ХК-д ТУЗ-ийн хараат бус гишүүнээр тус тус ажиллаж ирсэн, улсад 22 жил ажилласан туршлагатай. Түүний намтар, ажилласан байдлыг харвал үнэхээр салбарын хүн мөн гэдэгтэй маргах хүн байхгүй.

Гэхдээ Дэд сайдаар томилогдсон О.Цэндсүрэнгийн хувьд ашиг сонирхлын тун зөрчилтэй нэгэн болохыг баримтаар харуулья. АТГ-ын хаагуур нь орж, хаагуур нь гарч ирээд Дэд сайдаар томилогдсон эсэх нь хардлага дагуулж байгаа юм.

НАНАМЕТАЛЛ ХХК

Уг компани ашигт малтмалын хайгуул хийх, гадаад худалдааны чиглэлийн Нанаметалл ХХК-г 2007 онд үүсгэн байгуулсан байна. Дэд сайд О.Цэндсүрэн Гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байгаад хүү Ц.Тэмүүлэнгээ Гүйцэтгэх захирлаар томилсон байдаг. 

МОНГОЛ ПЕРЛИТ КОНСТРАКШН ХХК

 

Энэ компанийн тухайд Ашигт малтмалын ашиглалт /2007.02.09-2037.02.09/ /2007.02.09-2037.02.09/, Ашигт малтмалын хайгуул хийх, Гадаад худалдаа, Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хэмээн бүртгүүлжээ. Компанийн эцсийн өмчлөгч нь Оргилболдын Солонго гэсэн байна.

Сонирхолтой нь уг компани MV-010736-10736 кодтой Замын улаан уул гэх 103.11 га хүчин төгөлдөр ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Уг лиценз Дундговь аймагт байдаг аж.

2597535 регистрийн дугаартай уг компани 2005 оны 12 дугаар сарын 15-нд үүсгэн байгуулагдсан. Охиндоогийн Цэндсүрэн, Цэндсүрэнгийн Тэмүүлэн, Тэрбишийн Говьдэлгэр, Борхүүгийн Гантулга, Жүгдэрнамжилын Эрдэмбилэг нарын иргэн, Лодика Инвестмент гэх аж ахуйн нэгж хувьцаа эзэмшигчтэйг Улсын бүртгэлд бүртгэлтэй байна. Эндээс утасны үзүүр хааш хөврөх нь маш тодорхой болж эхэлнэ. Монгол перлит констракшн ХХК-ийн хувьцаа эзэмшигчид болох О.Цэндсүрэн, Ж.Эрдэмбилэг нар Шарын гол ХК-ийн ТУЗ-ийн гишүүдээр ажилладаг байсан. Тэднийг ТУЗ-д байхад тус компанийн захирлаар Бадангийн Батбаатар гэгч ажиллаж байсан нь анхаарал татаж байгаа юм. Шарын гол ХК-ийн ТУЗ-ийн гишүүд, захирлын хэлхээ хамаарал нь явсаар Хөгжлийн банкнаас зээлсэн мөнгөө “Хэрлэн Онон Туул” ББСБ-ийн данс руу авч зориулалтын бусаар зарцуулсантай холбогдож байгаа юм. Лодика Инвестмент ХХК-ийн гүйцэтгэх захирал нь Оргилболдын Солонго бүртгэлтэй байна.

Монгол перлит констракшн ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар нь Ганболдын Дөлгөөнтамир ажилладаг. Г.Дөлгөөнтамир Галтхан Техноложис ХХК-г 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан байдаг. Компанийн үйл ажиллагааны чиглэлд  Геологийн суурь судалгаа хийхээр бүртгүүлсэн байна.

Энэ компанийн хувьцаа эзэмшигчээс Говь Караван Холдинг ХХК, Мангалсүрэнгийн Мөнхбаатар нар нэрээ хасуулсан байдаг. Хувьцаа эзэмшигчдийн дунд бүртгэгдсэн Жүгдэрнамжилын Эрдэмбилэг нь “Говь караван холдинг” гэх компанийн ч хувь эзэмшигч аж. Дэд сайд О.Цэндсүрэн Шарын гол ХК-ийн хараат бус гишүүнээр ажиллаж ирсэн бол Ж.Эрдэмбилэг мөн Шарын гол ХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж ирсэн байдаг. 2018 оноос “Шарын гол” ХК-д ТУЗ-ийн хараат бус гишүүнээр ажиллаж ирсэн байдаг. Шарын гол ХК нь Хөгжлийн банкны дөрвөн тэрбум төгрөгийн зээлийг зориулалтын бусаар буюу “Хэрлэн Онон Туул” ББСБ-аар оруулсан асуудал бий. Тэгвэл О.Цэндсүрэнтэй хамтран уг компанийн хувьцааг эзэмшиж буй Тэрбишийн Говьдэлгэр нь УИХ-ын гишүүн гишүүн Г.Дамдинннямын эхнэр Ц.Уянгын хамаарал бүхий компанитай холбоотойгоор лицензийн асуудлаар АТГ-т шалгагдаж байсан мэдээлэл байдаг. Эдгээрийг дэлгэрүүлэн хүргэх болно.   

ШИ РИ ДУН ШИНГ ХХК

Энэ компани нь 6157289 регистрийн дугаартай 2017 оны гуравдугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан Гадаадын хөрөнгө оруулалттай компани юм. Үйл ажиллагааны чиглэл нь Уул уурхайн чиглэлээр зөвлөгөө өгөх, Уул уурхайн тоног төхөөрөмжийн худалдаа, Геологийн тойм судалгаа хийх, Автомашинаар ачаа тээвэрлэх гэсэн байгаа юм. Анхны хувьцаа эзэмшигч нар нь О.Цэндсүрэн, Доржийн Далайжаргал, БНХАУ-ын иргэн Жан Лин, Жай Лин Лин, Ян Син Сү нар юм. Дэд сайд О.Цэндсүрэн гэвч хувьцаа эзэмшигчийн бүртгэлээс хасагдсан нь Улсын бүртгэлийн лавлагаанаас харагдана.

Уг компани нь Өмнөговь аймагт XV-017772-17772 дугаартай 21140.33 га хэмжээ бүхий Гүн заг хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Зөвшөөрөл нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа юм.

ЗУУТ ТҮНШ КАРГО ХХК

Энэ компани нь Худалдааны зуучлал, Авто машинаар ачаа тээвэрлэх чиглэлээр 2021 нэгдүгээр сарын 29-ний өдөр байгуулагдсан. Охиндоогийн Цэндсүрэн, Золзаяагийн Одгэрэл нар хувьцаа эзэмшдэг. Гүйцэтгэх захирлаар нь З.Одгэрэл ажиллаж байна.

БАЙЛИТРЕНД ХХК

Байлитренд ХХК нь Гадаадын хөрөнгө оруулалттай 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тус компанийг хувьцааг О.Цэндсүрэнгээс гадна Эрдэнэдашийн Даваасамбуу, Доржийн Болд, Лувсаншаравын Базарсад болон БНХАУ-ын иргэн Ян Шу Цай, Хан И Мин, Юу Вэй, Дун Жи Жи нарын хамт эзэмшиж байна. Дэд сайд Охиндоогийн Цэндсүрэн дээрх компаниудтай холбоо хамааралтай, хувьцаа эзэмшигч юм.

Дээр дурдагдсан компаниудын дийлэнх нь уул уурхайн чиглэлийн компани болохыг харсан байх. Ийм ашиг сонирхлын зөрчилтэй, хувьцаа эзэмшдэг компани нь одоогоор уул уурхайд үйл ажиллагаа явуулдаг, хамаарал бүхий этгээдүүд нь уул уурхайн салбарт томоохон тоглогч болсон байхад нүдэн балай, чихэн дүлий мэт түүнийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар томилсон нь ямар учиртай вэ.

Түүний хамаарал бүхий компани, хувь хүмүүсийн талаарх мэдээллийг үргэлжлүүлэн хүргэх болно. Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдэд Шарын гол ХК, ээс эхлээд улс төрд нөлөө бүхий эрхмүүд хүртэл холбогдож байгаа юм.

Ямартай ч энэ мэт цааш үргэлжилэх ашиг сонирхлын зөрчил нь бүхний нүдэн дээр ил байхад АТГ хаагуур нь түүнийг шалгаж Дэд сайдаар томилуулахад зөрчилгүй гэх шийдвэр өгсөн бэ.

Э.БОЛД

Үргэлжлэл бий…