Улсын эдийн засагт хамгийн чухал нөлөө үзүүлдэг нүүрсний борлуулалтдаа хяналт тавиагүйн улмаас “хулгай нүүрлэж”, иргэдийн амьдралын түвшин доройтлоо гэх харуусал бидэнд бий. Үүнийгээ ч ширүүхэн илэрхийлж, хөхөө өвлийн хүйтэнд төв талбайдаа жагссан. Гэсэн ч хэрэг шийдэгдэхгүй, бид одоо ч нүүрсний хулгайчдыг зарлахыг шаардсаар. Ингэж өмнөх асуудлаа цэгцлэхийг шаардах нь зөв ч одоогийн үйл ажиллагаанд хяналт тавих нь чухал юм. Тиймээс нүүрсний зах зээлийн гол тоглогч болох Эрдэнэс Тавантолгой ХК-ийн нөхцөл байдал, үйл ажиллагааны тайланг сонсохоор тус компанид томилогдсон БЭТ Ж.Ганбаттай уулзаж, мэдээлэл авлаа. 

2022 оны аравдугаар сарын 26-нд Засгийн газраас Эрдэнэс Тавантолгой ХК-д  онцгой дэглэм тогтоох шийдвэр гаргаж, бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг томилсон билээ. Энэ өдрөөс хойш тэрбээр зургаан сарын турш ажиллаад, ажлаа хүлээлгэн өгөх ёстой байсан ч БЭТ-ийн хугацааг нь дахин зургаан сараар сунгасан юм. 

Түүнийг БЭТ-өөр ажиллах хугацаандаа сайн ажилласан хэмээн УИХ, Засгийн газар сайшааж, эхлүүлсэн ажлаа дуусган Эрдэнэс Тавантолгой компанийн үйл ажиллагааг хэвийн болгох даалгавар өгсөн. Тиймээс тэрбээр энэ онд нийт 30 сая тонн нүүрс борлуулах, биржээр арилжаалах нүүрсний хэмжээг нэмэгдүүлэх, дан ганц коксжих нүүрс бус бусад төрлийн нүүрсний борлуулалтыг нэмэх зэргийг зорин зүтгэж буй.

-ОН ГАРСНААС ХОЙШ 11 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 1 САЯЫГ НЬ БИРЖЭЭР АРИЛЖААЛЖЭЭ-

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 466 дугаар тогтоолоор “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ыг баталсан билээ. Энэхүү журмыг хэрэгжүүлэх хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК  2023 оны хоёрдугаар сарын 09-ний өдрөөс эхлэн Монголын хөрөнгийн биржээр дамжуулан нүүрсээ арилжаалж эхэлсэн. 

Үүнээс хойш тус компани өнөөдрийг хүртэлх хугацаанд 18 удаагийн арилжааг хийж, 1 сая гаруй тонн нүүрс худалдаалжээ. Харин оны эхний таван сарын хугацаанд нийт экспортолсон нүүрсний хэмжээ нь 11 сая тоннд хүрсэн байна. Ингэснээр орлогоо 37.7 сая ам.доллароор нэмэгдүүлжээ.

Энэ талаар тус компанийн БЭТ Ж.Ганбат “Эрдэнэс Тавантолгой компани цар тахлын өмнөх 2019 онд түүхэн дэх хамгийн оргил буюу 15,5 сая тонн нүүрс борлуулж байсан юм билээ. 

Бид бол энэ оны эхний таван сарын хугацаанд 11 сая тонн нүүүрс борлуулсан. Өөрөөр хэлбэл, энэ компани жилд 15 сая тонн нүүрс борлуулж байсан бол бид үүний  71 хувьтай тэнцэх хэмжээний борлуулалтыг таван сарын дотор хийсэн гэсэн үг.

Үүний үр дүнд улсын болон орон нутгийн төсөвт нэг их наяд төгрөгийн татвар, төлбөр, хураамжийг төлсөн байна. Үүнээс АМНАТ-т 727.7 тэрбум, ААНОАТ-т 288.9 тэрбум, бусад төрлийн татварт 44.6 тэрбум төгрөг төлсөн” гэлээ. 

-НҮҮРСНИЙ ҮНЭ ТОГТВОРЖИЖ, ДОЛДУГААР САРААС ЭРГЭН ӨСӨХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА-

Монгол Улс экспортын нүүрсний 96 хувийг БНХАУ-ын зах зээлд нийлүүлдэг билээ. Үүний тэн хагасыг нь Эрдэнэс Тавантолгой компани бүрдүүлж байна гэж хэлэхэд болно. Учир нь энэ оны эхний таван сард гэхэд дотоодын экспортын нүүрсний 43 хувийг тус компани гаргасан байна.

БНХАУ-д улсад нийлүүлэх коксжих нүүрсний үнэ дөрөвдүгээр сараас буурч, тавдугаар сард гэхэд нэг тонн нь 1,188 юаньд хүрсэн билээ. Энэ нь БНХАУ-ын гангийн үйлдвэрлэлийн идэвхжил саарч, улмаар коксын үнэ буурснаас үүдэж байв. Тухайн үед Эрдэнэс Тавантолгой компаниас “Энэхүү үнийн огцом уналт нь манай компанид гэлтгүй, манай худалдан авагч, хамтран ажиллаж буй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд нөлөөлж байна. Үнэ ингэж огцом буурч байгаагаас шалтгаалж худалдан авагчид эрсдэлээ үнэлж, ачилтаа бууруулах хандлагатай байна. Гэхдээ бид борлуулалтаа бууруулахгүй байх бүхий л арга хэмжээг авч байна” хэмээн мэдээлж байсан билээ. 

Тэгвэл Хятад улс эдийн засгаа дэмжих бодлого явуулж буйн нөлөөгөөр нүүрсний үнэ эргэн өсөх хандлага ажиглагдаж эхэлжээ. 

Тодруулбал, “SXCOAL” сайтаас харахад энэ оны гуравдугаар сард коксжих нүүрсийг тонн тутамд нь 1,663 орчим юаниар борлуулж байсан бол тавдугаар сард 1,188 юань болж, 28,5 хувиар буурсан. Энэ үнэ зургаадугаар сард 1,050 болж, буурч долоодугаар сард харьцангуй тогторжих хандлагатай буй аж. Харин долдугаар сарын сүүлээс эхлэн эргэн өсөх дүр зурагтай байгаа юм. 

-БНХАУ МАНАЙ УЛСААС АВАХ НҮҮРСНИЙ ХЭМЖЭЭГЭЭ БАГАСГАХГҮЙ-

“Австраличууд Хятадад нүүрсээр бороо оруулж байна. Монголын нүүрс Хятадад өрсөлдөх чадвараа бүрэн алджээ” гэх утга бүхий мэдээллүүд гарч,  БНХАУ манайхаас авах нүүрсний хэмжээгээ багасгах уу гэдэг асуудал ихээхэн эргэлзээ төрүүлсэн билээ.  

Тэгвэл энэ талаар Эрдэнэс Тавантолгой компанийн БЭТ Ж.Ганбатаас тодруулахад “Тавдугаар сарын 26-нд Сингапур улсад болсон коксжих нүүрсний бага хуралд оролцоод ирлээ. Хурлын үеэр БНХАУ-ын нүүрсний зах зээлийн нөхцөл байдлын талаар яригдсан. 2021 оноос хойш БНХАУ руу гаргаж буй Монгол, ОХУ-ын экспорт Австралиас өндөр байна. Энэ хандлага ирэх саруудад ч үргэлжлэх төлөвтэй байна гэж албаныхан хэлж байсан. Мөн БНХАУ-ын нүүрсний тээвэрлэлт, маркетингийн нийгэмлэгийн төлөөллүүд нүүрсний эрэлт эргэн сэргэхээр байгаа гэж ч үзэж байсан. Тэгэхээр БНХАУ манайхаас авах нүүрсний хэмжээгээ багасгахгүй” хэмээн тайлбарлалаа. 

-ХЯТАДЫН ТОМООХОН КОМПАНИ МАНАЙ БИРЖИЙН АРИЛЖААНД ОРЖ ЭХЭЛСЭН-

БНХАУ-ын нэр бүхий томоохон компани манай улсын нүүрсний биржийн арилжаанд орж эхэлжээ. Гэхдээ тухайн компани нэрээ нууцлах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Энэ тухай тэрбээр “Хятадын томоохон компани манай биржийн арилжаанд орж эхэлсэн. Худалдан авагч компаниудын нэрийг бид олон нийтэд нээлттэй мэдээлдэг байсан боловч харилцагч тал маань бизнесийн нууц гэдэг утгаараа нэрээ нууцлахыг хүссэн. Тиймээс нэрлэх боломжгүй байна.

Тус компани нэг удаагийн арилжаанд орчихсон. Цаашдаа долоо хоног бүр манай биржийн арилжаанд оролцохоо албан ёсоор илэрхийлсэн. 

Хоёрдугаар сард биржийн арилжааг эхлүүлэх үед компаниуд төдийлөн орж ирээгүй. Орсон компани нь буцаж гараад байсан. Энэ талаар тодруулахад цаанаас нь манай худалдаанд орохыг хориглоод байсан юм билээ. Одоо бол энэ байдал харьцангуй тогтворжсон. Ингэж Хятадын компаниуд арилжаанд тогтмол оролцохоо мэдэгдэж буй нь тус улс манай биржийн арилжааг хүлээн зөвшөөрч байна гэж ойлгож, таатай хүлээж авч байгаа” гэлээ.

-НҮҮРСЭЭ СОРЧЛОХГҮЙГЭЭР ЖИГД БОРЛУУЛАХАД АНХААРЧ, ЭНЭ ОНД 30 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРЛОХООР ТӨЛӨВЛӨН АЖИЛЛАЖ БАЙНА-

Эрдэнэс Тавантолгой компанийн энэ оны эхний таван сарын байдлаар 11 сая тонн нүүрс борлуулсан гэх тоон мэдээллийг дээр дурдсан. Тус компани энэ эрчээрээ борлуулалтаа нэмэгдүүлэн ажиллаж, 2023 оны сүүл гэхэд 30 сая тонн нүүрс борлуулсан байхаар төлөвлөж буй аж. 

Энэ талаар тэрбээр “Бид энэ онд 23 сая тонн нүүрс борлуулахаар төлөвлөж байсан ч төсвийн тодотгол хийж байгаатай холбогдуулан 30 сая тонныг экспортлох даалгавартай болсон. Энэ даалгавраа ч биелүүлэх бүрэн боломжтой гэж харж байгаа. 

Мөн бид дан ганц сайн чанарын коксжих нүүрс бус эрчим хүчний нүүрс, хагас коксжих нүүрсний арилжааг нэмэгдүүлэхийг зорьж байна. Өөрөөр хэлбэл, цаашдаа нүүрсээ сорчлохгүй, бүх төрлийг нь борлуулахад анхаарч байгаа. Тоон мэдээлэл хэлэхэд,  биржээр арилжсан нэг сая гаруй тонн нүүрсний 576,000 тонн нь коксжих, 352,000 тонн нь эрчим хүчний, 96,000 тонн нь хагас коксжих нүүрс байсан.

Эрчим хүчний нүүрс гэхэд өмнө нь 9-15 ам.доллароор зарагддаг байсан юм билээ. Үүнийг бид 70 хүртэл ам.доллароор худалдаалж байна. Цаашдаа үнийг нь илүү өсгөж, экспортын хэмжээг ч нэмэгдүүлнэ” хэмээн ярилаа. 

Ингээд  биржийн арилжаанд орох худалдан авагч нэмэгдэж, ирэх саруудад нүүрсний экспорт өсөх нь гэсэн таатай мэдээгээр уулзалт дууссан юм.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу