УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.06.09/ нэгдсэн хуралдаанаар 2023 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг дараах байр суурийг илэрхийлээ. 

Тэрбээр “Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд маань иргэдтэйгээ хэд хэдэн удаа уулзалт зохион байгуулсан. Иргэдийн хамгийн их хүсэж, хүлээж байсан зүйл бол үнийн өсөлттэй уялдуулаад цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэх, хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох зэрэг асуудлуудыг нэн яаралтай шийдэх байсан. Энэ асуудлыг цогцоор нь системтэйгээр шийдвэрлэхээр оруулж ирж байгаад баяртай байна. 

Нөгөө талаас, ингэж иргэдийн цалинг нэмснээр бараа бүтээгдэхүүний үнэ ханшид нөлөөлж, инфляци нэмэгдэх вий гэдэг болгоомжлол байна. Тиймээс цалингийн нэмэгдлийг дагаад мах, гурилын үнийг нэмэгдүүлэхгүй байх тал дээр Засгийн газраас ямар арга хэмжээ авах вэ” хэмээн асуулаа. 

Үүнд Сангийн сайд Б.Жавхлан дараах хариултыг өглөө.

Тэрбээр “Энэ удаагийн тодотголоор 1 их наяд 896,1 тэрбум төгрөгийн тодотгол хийгдэж байгаа. Үүний тал хувь нь буюу 994,6 тэрбум төгрөг нь зөвхөн төрийн албан хаагч нарын цалинг нэмэхэд зарцуулагдана. Тийм учраас энэ удаад ойрын жилүүдэд хийгдээгүй томоохон тодотгол хийгдэж байна гэж ойлгох хэрэгтэй. 

Цалин нэмэхтэй уялдаад мэдээж макро түвшинд сөрөг дарамтууд ирнэ. Үүнд Засгийн газраас захиргааны болон эдийн засгийн шуурхай арга хэмжээнүүдийг үе шаттайгаар авна. 

Захиргааны арга хэмжээ гэвэл, зохиомлоор үнэ өсгөж байгаа эсэхэд ШӨХТГ-аас хянана. Эдийн засгийн арга хэмжээний тухайд экспортын хэмжээгээ нэмэгдүүлнэ. Мөн эдийн засгаа либералчлахад анхаарна” гэлээ. 

ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ: 

             

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу