Чингэлтэй дүүргийн 19-р хорооны гудамжнуудаар ил тавьсан бохирын кольцо,  үйрч бутарсан байдалтай бүтэн жилийг өнгөрөөжээ. Мөн иргэдийн хашаанд дутуу ухсан нүх, заримд нь хэлтгий, илүү гаргаж тавьсан кольцо байх аж. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын албанаас санаачилж, Улс Туяарах ХХК гүйцэтгэхээр жилийн өмнө тендер авсан 320 эко жорлонгийн ажил овоолсон шороо, эвдэрсэн бетоноос хэтрэлгүй жилийн турш иргэдийн бухимдлыг барсаар иржээ.

Энэхүү зогссон ажлын талаар гүйцэтгэгч компани, иргэдийн уулзалтыг ЧД-ын 19-р хороонд  өнгөрсөн баасан гарагт (2023.06.09) зохион байгуулсан юм. Уулзалтад хорооны Засаг дарга, иргэд, Улс Туяарах ХХК-ны төлөөлөл, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга Х.Энхбат нар оролцлоо.

Уулзалтаар иргэд санал шүүмжээ илэрхийлж, холбогдох албаныхан жилийн хугацаанд иргэдийн шаардлагад хариу өгөөгүй, ухсан нүхэнд нэг биш тохиолдлоор том хүн, хүүхэд унаж бэртсэн тухай хэлж байсан юм. Гэр хорооллын хөрсний бохирдлыг бууруулах чиглэлийн хүрээнд уг ажлыг өргөн хүрээтэй эхлүүлсэн ч ийнхүү зогсолтод орж асуудал дагуулж эхэлжээ. Уг санаа нь зөв ч ямар нэг саад гарснаас гацсан гэж иргэд бурууг нь зөөлрүүлэх аж. Гэвч хашаа болгоны буланд ухаастай нүх, овоолсон шороо, бетон байсаар жил болоход ундууцахгүй байхын аргагүй нь мэдээж.

Уулзалтын үеэр 19-р хорооны иргэн Т.Нэргүй:

-“Иргэдийн бухимдал сүүлийн хэдэн сар маш их байсан. Хэсгийн ахлагчид хөөрхий, арай л гэж аргалж ирлээ. “Газар хөлдсөн, ажил удахгүй эхэлнэ ээ” л гэж хаваржин аргалсан. Эргээд танай компани руу залгахаар утсаа авдаггүй. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг яг та нарын хийгээд байгаа эко жорлонг 10-р гудамжны 23 айлд ижил төслөөр хийж гүйцэтгэсэн. Түүнээс ч олон төслийг манай дүүрэгт хийж  байсан. Эмх замбараатай, гүйцэтгэлтэйгээр хугацаанд нь хийгээд дуусгасан юм. Яагаад та нар төсөл авсан юм бол цаг хугацаанд нь дуусгахгүй байгаа юм бэ? Та нар ч мөн дэс дараатай цэвэрхэн ажил хийгээд өгвөл иргэд бид алгаа ташаад л хүлээж авна. Уг нь хэрэгжүүлсэн ажил чинь зөв”  хэмээн тайлбарлалаа.

Уг нь төрөөс үнэ төлбөргүй  хийж гүйцэтгэж байгаад иргэд талархаж байгаа аж.

 Тус хорооны Засаг дарга  Л.Цэеэрэгзэн хэлэхдээ, “Асуудлын  талаар олон дарга  нарт хандаж, хаалга үүдийг нь сахиж байсан. Хэн ч хариу өгдөггүй юм. Энэ асуудалд шуурхай хандаж  уулзалтыг зохион байгуулж өгсөн УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн ажлын албанд хорооны зүгээс, иргэдийн зүгээс талархаж байгааг хэлэх нь зүйтэй. Гүйцэтгэгч газрын зүгээс бараа материал болон хил гаалийн асуудал зэргээс зогсолт үүдэлтэйг тайлбарлалаа. Иргэдтэй, хэрэгжүүлэгч газартайгаа тохиролцлоо гэж бодож байна. Энэ өдрөөс ажил эхлэхээр боллоо. Баяртай байна, уг ажлын явцад маш анхааралтай хандаж түргэн дуусгах тал дээр анхаарч ажиллана” гэсэн юм. Харин  Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга Х.Энхбат энэ талаар,

-“19-р хорооны хувьд жорлон шинэчлэх ажил зургаан сарын дотор хийгдэх байсан ч өмнөх жил хоёрхон сар хийгдээд зогссон. Санхүүжилт болон гэрээний асуудлыг шийдвэрлэхэд хугацаа алдсан байдалтай байна. Үндэсний хороо нь улсын хэмжээнд 6000 эко жорлонгийн ажил гүйцэтгэж байгаа. Гүйцэтгэгч компанитай хэлэлцээр хийж гэрээгээ шинэчлээд ажлыг өнөөдрөөс ахин эхлүүлэхээр болж байна. Миний бие уг ажилд томилогдоод улсын хэмжээнд энэ бүх ажил хийж байгаа 24 компанийг хууль хяналтын байгууллагад өгсөн. Ашиг сонирхлын зөрчил болон авлигын асуудал гүйцэтгэгч газруудын дунд байгаа учраас шийдвэрлэх ажил давхцаж, уг ажил цалгардаад байгаа. Энэхүү үүссэн нөхцөл байдалд иргэдээс уучлал хүсэж байна. Бид өнөөдрөөс ажлыг эхлүүлж асуудлыг газар дээр нь шийдвэрлэж ажиллах болно. Ухсан нүх бүрд өнөөдрөөс улаан тууз татаж, хамгаалалт хийнэ. Та бүхэн ч дор бүрнээ аюулгүй байдлаа маш сайн хангаарай гэж хүсмээр байна” гэсэн юм.Харин иргэд энэхүү тайлбарт тийм ч тааламжтай хандсангүй. “Жилийн дараа ирж уучлалт гуйж байгааг юу гэж ойлгох вэ? Жилийн өмнө улаан туузаа татсан бол гэмтэж бэртэхээс ядаж сэрэмжлэх байлтай” гэх мэтчилэн хэлцгээнэ. Иргэд, жил тоолгүй орхисон ажлаа гэнэт санан ирж, уучлалт гуйж ажлаа эхэлж байгаад тун эгдүүцэнгүй харагдана. Гэлээ ч хурдан дуусгаж байвал хаа хаанаа хэрэгтэйг онцлоод уулзалтыг дуусгалаа. Ингээд иргэдийн хүсэлтээр гүйцэтгэгч компанитай тохиролцож төсөв хөрөнгө шийдэгдэх хүртэл Улс Туяарах ХХК өөрсдийн хөрөнгөөр эхлүүлэхээр болсон юм.

Мөн ихэнх айл хадархаг хэсэгт амьдрах бөгөөд ухсан нүх нь 1 метр орчим л байх аж. Иргэд ч мөн үүнд бухимдалтай хандаж нэг биш удаа саналаа хэлсэн ч “манайх зөөлөн хөрсний ухалт л хийдэг. Хүсвэл айлууд нийлж мөнгөө гаргаад “молдок”-оор ухуулж болно” гэх хариуг өгдөг гэнэ. “Хаашдаа л жил болоод сая нэг шийдэгдэх гэж байгаа юм чинь дуусах байлгүй” гэхээс өөр үг гарахгүй байх ажээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу