Монголын эрдэс баялгийн салбарыг өөрийн өмч гэж эндүүрч олон жил жаалсан эрхэм бол Хоохорын Бадамсүрэн. Хоохорын хүү хоохортой гэдгээ харуулж төр томилсон ажлаас буухдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар болчихож байгаа юм. Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн захирлаар зургаан жил ажиллачихаад буухдаа Эрдэнэс Монголын Зэс, металлургийн группын ерөнхийлөгч болоод буучихсан. Ер нь Монголын төрд түүн шиг даварсан тэтгэврийнхэн тийм ч олон байгаагүй. Х.Бадамсүрэн 2017 оны наадмаар Хүй долоон худагт алтан тоноглол бүхий эмээлээр гангарч олныг алмайруулж байсан. “Хор нь гарсан л баймаар хүн сэн. Баянаа нууж дийлдэггүй бололтой” хэмээн жиг жуг гэлцэж байв.

Түүний даварсан явдал үүгээр дуусахгүй. Одоо л Боловсролын зээлийн сан сөхөгдөж дуулианд нь нам дарагдаад байгаагаас биш Х.Бадамсүрэн охин Б.Буянжаргалынхаа сургалтын төлбөр болох 102 сая 385 мянган төгрөгийг Канадын Торонтогийн Их сургууль руу “Эрдэнэт” үйлдвэрийн даснаас шилжүүлсэн баримт олон нийтэд ил болсон. Мөн сургалтын төлбөрөөс гадна 20 сая төгрөгөөр унадаг дугуй, хагас тэрбум төгрөгөөр автомашин худалдан авах тендер зарласныг Шилэн Цогоо ил болгож байв. Эрдэнэт үйлдвэрийн захирлаар томилогдон очингуутаа хамгийн анхны тушаалаараа өөртөө лексус 570 маркийн автомашин захиалж ямархан шуналтай хүн бэ гэдгээ тэр үедээ харуулж байсан.

Мөн хотод амьдрах тансаг зэрэглэлийн байшин худалдаж авсан гэх баримтууд хэвлэлээр ил болж байлаа. Тухайн үед олны хэл, амнаас айгаад орон сууцандаа орж чадаагүй гэдэг. Тодруулбал, Зайсанд байх “Жарден” хотхонд нийт дөрөв гаруй тэрбум төгрөгөөр 202, 302 тоот орон сууцыг гараашийн хамт худалдан авч, үйлдвэрийн үндсэн хөрөнгөнд бүртгэсэн гээд цоллуулж явсан хүн.

Энэ мэтчилэн Х.Бадамсүрэнгийн балаг дуусахгүй. Шилэн Цогоо шүгэл үлээж “Шүүр” ажиллагааны хүрээнд Х.Бадамсүрэнг Эрдэнэс Монголын Зэс металлургийн группын ерөнхийлөгчөөс, Н.Багабандийг Оюу толгойн ТУЗ-өөс ховхолж байв. Гэтэл Х.Бадамсүрэн Монгол Улсын Засгийн газрын 2023 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн 103 дугаар тогтоолоор байгуулагдсан “Аж үйлдвэржилтийн үндэсний хороо”-ны зэс хайлуулж нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх дэд хороог хариуцаж байна. Мөнгө үнэртсэн аль ч байрлалд тэр шаасан гадаг шиг гозойж л байдаг.

Х.Бадамсүрэн “Монголросцветмет” нэгдлийн захирлаар ажиллаж байхдаа жонш борлуулах гэрээг зах зээлийн үнээс хэт доогуур хийж өгсний шагналд 300 мянган долларын асуудалд нэр холбогдож, Шижир алт ХХК-тай хамтран гаалийн татвараас зайлсхийж, улсад 860 сая төгрөгийн хохирол учруулсан зэрэг хэргээрээ улсын яллагчаас долоон жилийг чанга дэглэмтэй хорих ангид ял эдлэхээр болж байсан. Харамсалтай нь хэрэг тэгсгээд нам дарагдаж, хэрэг нь сөхөгдөхөөр л эмнэлэгт хэвтчихдэг байлаа. Аргаа барахдаа элгээ солиулсан хэмээн яриа хүртэл гаргаж төрд ажиллах нь бүү хэл төрхөмдөө буцах нь ойртсон гэгдэж байсан гэх мэтээр түүнтэй холбоотой хошин яриа чих дэлсэж ирсэн. МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ залуу мэргэшсэн боловсон хүчнээр ажиллана гэж зарлаж байсан ч Хоохорын хүүгийн өмнө хэлсэн үгс нь шүлс болж хатчихаад байгаа. Х.Бадамсүрэнгийн балгаар МАН улам муухай харагдаж, 70 насны босго шүргэж буй эрх шар нөхөрт Монголын төр яг ямар өртэй юм бэ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу