УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн /2023.06.12/ ээлжит хурал дуусжээ. Хурлаар гаргасан шийдвэрийн талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хүргэлээ. 

Тэрбээр “Төсвийн тодотголыг өргөн бариад УИХ хэлэлцэх эсэхийг шийдэж, анхны хэлэлцүүлэг хийгдсэн. Төсвийг дагаад гурван асуудал бий.

Нэгдүгээрт, 2023 оны төсөвт тодотгол хийж байна.

Хоёрдугаарт, 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт орж байна.

Гуравдугаарт, төсвийг дагалдуулан долоон хууль, хоёр тогтоолд өөрчлөлт оруулж байна.

Үүнийг бүлэг хэлэлцээд энэ долоо хоногт багтаан төсвийн тодотгол, төсвийн хүрээний мэдэгдэл, дагалдах хуулийн төслүүдийг дуусгах шийдвэр гарсан. Засгийн газраас өргөн барьснаар ирэх долдугаар сарын 1-нээс цалин тэтгэвэр, тэтгэмж нэмэгдэнэ гэсэн учраас энэ долоо хоногт багтааж төсвийн тодотгол түүнийг дагасан асуудлыг бүрэн эцэслэх нь зүйтэй гэж үзсэн.

УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг өнгөрсөн долоо хоногт хийсэн. Энэ үед нэг хүйсийн байх хэмжээ 40 хувиас доошгүй байна гэдэг санал дэмжигдсэн. Үүнтэй холбоотой асуудлыг бүлэг хэлэлцсэн.

Ер нь МАН хүйсийн тэгш байдлыг дэмжиж байгаа. Одоо мөрдөж байгаа хуульд 20 хувиас доошгүй байна гэж тусгасан байгаа. Өргөн барьсан хуулийн төсөлд 30  хувиас доошгүй гэж явж байгаа. УИХ-д манай эмэгтэй гишүүд квотыг 40 байлгана гэдэг санал гаргасан. Энэ санал байнгын хороогоор дэмжлэг аваагүй, чуулганы хуралдаанд дэмжлэг авсан.

Уг асуудлаар бүлэг хуралдаад квотыг 30-аас доошгүй байна гэж анх өргөн барьсан төслөө дэмжих нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Ер нь эмэгтэйчүүдийн квотыг үе шаттайгаар нэмэгдүүлэх нь зүйтэй. Харин нам эвслийн нэрийн жагсаалтад орохдоо 1:1 зарчмыг хэвээр нь хадгалъя гэж тогтсон. Үүнийг мэдээж эмэгтэй гишүүд дэмжээгүй, олонхыг саналаар шийдсэн. Бүлгийн хуралд 44 гишүүн оролцлоо” гэлээ. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу