Нийслэлийн Чингэлтэй дүүрэгт байрлах GS25 сүлжээ дэлгүүрт зургаадугаар сарын 6-ны 17:00 цаг орчимд ой хүрээгүй хүүхдийг орхиж явсан хэрэг гарсан талаар мэдээлсэн билээ. Тэгвэл хүүхдийн ээжийг өнөөдөр /2023.06.12/ Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс олсон байна. 

Тодруулбал, Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын алба хаагчид уг эмэгтэйг өнөөдөр буюу 2023 оны зургаадугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс олж тогтоон мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж буй аж.

Эрүүгийн хуулийн 16.3 дугаар /Хүүхдийг хаях, төөрүүлэх, тэнүүчлэлд хүргэх/ зүйлд зааснаар “Хуулиар хүлээсэн асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээсээ зайлсхийж хүүхдийг хаясан, орон гэрээ олох боломжгүй газар зориуд орхисон, хүүхдийг оршин суугаа газраас нь хөөж тэнүүчлэхэд хүргэсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих, хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хохирогч нас барсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилжээ.

Иймд эцэг, эх, асран хамгаалагч нар Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт заасан “Гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх” зэрэг хууль тогтоомжоор хүлээсэн эрх, үүргээ хэрэгжүүлж, хүүхдийн эрхийг хангахыг уриалж байна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу