“Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын чадавхыг бэхжүүлэх төсөл III” хамтарсан зохицуулах хорооны хурал өнөөдөр (2023.6.12) боллоо. Хурлыг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө удирдан явуулсан юм.

Хурлын эхэнд ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын орлогч дарга Ёшимүра Токүжи төсөл хэрэгжиж дуусахад богино хугацаа үлдсэн, төслийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд бүх талын оролцоо, хамтын ажиллагаа чухал гэдгийг онцолсон юм. 

Мөн Улаанбаатар хотын төвийн 10 уулзварын гэрлэн дохионы асалтын горимын хугацааг өөрчилж, тохиргоог сайжруулах туршилт хийжээ. Туршилтын үр дүнг тодорхойлох зорилгоор 2023 оны хоёрдугаар сард эдгээр уулзварт замын хөдөлгөөний нөхцөл байдлын судалгаа хийж, дөрөвдүгээр сард үр дүнг нэгтгэж, үнэлгээ хийсэн байна. Туршилтаар дээрх 10 уулзварт өөрчлөлт хийхээс өмнө 574,270 тээврийн хэрэгсэл тоологдсон бол өөрчлөлт хийсний дараа 593,767 болж, уулзвараар нэвтрэх тээврийн хэрэгслийн тоо 19,496-оор нэмэгдэж, хөдөлгөөний урсгал нэмэгдсэн байна.

Түүнчлэн төслийн хэрэгжилтэд тулгамдаж буй асуудлуудыг хэллээ. Тухайлбал, хүхэр ихтэй дизель түлшийг хэрэглэх тохиолдолд цаашид “Евро-5” дизель хөдөлгүүртэй автобусны хаягдал утаа шүүгч төхөөрөмж эвдэрч, ашиглалтаас гарах, цаашлаад хөдөлгүүр доголдох зэрэг техникийн гэмтэл гарч, шинэ автобус актлагдах магадлалтай. Иймд хүхэр ихтэй дизель түлшний хэрэглээг яаралтай зогсоож, “Евро-5” стандартын түлшний хэрэглээг албажуулах, автобуснуудад түлшний хэрэглээнээс үүдэлтэй эвдрэл, гэмтэл байгаа эсэхийг шалгаж, засварлуулах шаардлагатай байна зэрэг санал хэлж байв.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу