Монгол Улсын Их Хурал, АНУ-ын Стэнфордын их сургууль, “Бан Ги Мун” сан, БНСУ-ын Эва Эмэгтэйчүүдийн их сургуультай хамтран зохион байгуулж буй “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-Жендэрийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” олон улсын чуулга уулзалт өнөөдөр (2023.06.13) Улаанбаатар хотноо эхэллээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар, “өнөөдрийн зохион байгуулж буй “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалт нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтын 5 дахь зорилт болох Жендерийн тэгш байдлыг хангах тухай асуудалд төвлөрч байна. Гэхдээ эдгээр асуудлыг авч үзэхэд, жендерийн тэгш байдлыг хангахгүйгээр бид жигд үр дүнд хүрч чадахгүй. Ирж яваа цагийн дууг эрчүүд дангаараа дуулж болохгүй. Эргэх хорвоогийн хүндрэл бэрхшээлийг эрчүүд дангаар шийдэж чадахгүй. Эмэгтэйчүүдийн дуу хоолой чухалд тооцогдох шинэ цаг үе ирж байна. Ийм учраас дэлхий дахинд цаг уурын өөрчлөлт, дэлхий дулаарал, үүсээд буй гамшгийн эрсдэлийг даван туулахад дэлхий нийт бодлогоо нэгтгэхэд хүргэж байна” хэмээн нээлтийн үгэндээ дурьдсан юм.

Монгол Улс нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг анхлан хэрэгжүүлж эхэлсэн улс орнуудыг нэг бөгөөд Үндсэн хуульдаа “Хөгжлийн бодлого тогтвортой байна” хэмээн заасан цорын ганц улс. Ийм ч учраас Сөүл хотноо болсон “Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулганд Тогтвортой байдлын яриа хэлэлцээний талаар бид илтгэл тавьж хэлэлцүүлэн, Монгол Улсын туршлага болоод дэлхий нийтийн нөхцөл байдлын талаар санал бодлоо солилцох завшаан тохиосон юм. Уг чуулганы зорилго нь Тогтвортой хөгжлийн 17 дахь зорилт болох Олон талт хамтын ажиллагааны талаарх асуудал байсан учраас энэхүү чуулга уулзалтаас үүнийгээ жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Тэрхүү чуулганаас улбаалж өнөөдөр “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалтыг зохион байгуулж байна” хэмээн онцолсон юм.УИХ-ын дарга Г.Занданшатар мөн “Нэгдүгээрт, тогтвортой хөгжлийн асуудал бол дэлхий дахины тулгамдсан асуудал болсон. Түүний хэрэгжилт нь КОВИД-19 цар тахал, ОХУ Украйны дайн, олон улсын нөхцөл байдлаас шалтгаалж удааширч байна. Тиймээс Тогтвортой хөгжлийн 17 дахь зорилтын хэрэгжилтийг нь хангахад онцгой ач холбогдол өгөх нь дэлхийн дахин болон НҮБ-ын чухал зорилт болж байна. Тийм учраас Төв Азийн зүрхэнд оршдог Алтай дамнасан улс орнууд хэл соёл, язгуур нэгтэй гэж үздэг олон талаараа ижилсэл, ондоошил нэгтэй эдгээр улсын хүрээнд энэхүү чуулга уулзалтыг зохион байгуулж байгаа нь нэг онцлог нь юм” гэжээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу