Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Франц улсын ерөнхийлөгч Эммануэл Макроны айлчилсан. Энэ үеэр цэвэр эрчим хүч (атомын цахилгаан станц) болон сэргээгдэх эрчим хүчний салбарт Францын хөрөнгө оруулалтыг дэмжих, нэмэгдүүлэх чиглэлээр хамтарч ажиллахаар болсон. Товчхондоо олон жил улс төр орж, иргэний нийгмийн байгууллагуудын шантааж дор гацаанд ороод байсан Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байрлах Орано Майнинг компанийн уран олборлох ажлыг эхлүүлэхэд томоохон дэмжлэг үзүүлээд буцав.

Ямартай ч Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг өнгөрөгч амралтын өдрүүдээр газар дээр нь ажиллаж, уран олборлох, ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээг боловсруулаад эхэлжээ. Олон жил гацаанд байсан ганц төсөл ийнхүү хөдлөх боломж бүрдэж байна.

Тэгвэл өнгөрөгч оны аравдугаар сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-д айлчилсан. Уг айлчлалын үеэр ХБНГУ-ын Канцлер Олаф Шольц “Бид ирэх оны зургадугаар сард хоёр талын Засгийн газрын түвшний хамтарсан уулзалтыг хийж, цаашдын хагас зуун жилийн харилцаа, хамтын ажиллагааны хэтийн төлөвөө тодорхойлно. Эрчим хүчний асуудал гол байр суурь эзэлнэ. Нүүрснээс татгалзах, нар салхины эрчим хүчний хамтын ажиллагаагаа ахиулна. Хэн нэгнээс, аль нэг улсын хамаарлыг багасах шаардлага байна” гэдгийг онцолж байсан. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бид харилцаагаа стратегийн түншлэлийн түвшинд ахиулахад санал нэгдлээ. Монгол Улсын хувьд ХБНГУ-ыг Европын холбооны хамгийн итгэлт түнш, гуравдагч хөрш гэж үздэг бөгөөд улс төр, батлан хамгаалах,  нийгэм эдийн засаг, ногоон хөгжил, цахим засаглал зэрэг бүхий л салбарт харилцаагаа ахиулан нягт хамтран ажиллахаар ярилцав.

Монгол Улсын Засгийн газрын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд эрчим хүчний салбарын хөгжлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, Их долоогийн Дээд хэмжээний уулзалтаар яригдсан дэд бүтэц, хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөрт Монгол Улс багтаж түншлэн ажиллах, Өмнийн говьд баригдаж буй Тавантолгой цахилгаан станц, Дулааны V цахилгаан станц, сэргээгдэх эрчим хүчний томоохон төслүүдэд ХБНГУ-тай хамтрах хүсэлт тавилаа”хэмээн мэдэгдэж байсан. Энэ хүрээнд Клинтек ХХК Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг КлинтекХХК-ийн ажлыг гуравдугаар сард ямар нэгэн саадгүйгээр эхлүүлнэ гэж Ерөнхий сайд Л.Оюун-ЭрдэнэХБНГУ-ын Канцлер Олаф Шольцд хэлсэн байдаг. Тус компанийн хэрэгжүүлэх Ханбогд салхин цахилгаан станцын төслийг 2008 оноос хойш хөгжүүлж байгаа юм. 2020 онд ХБНГУ-ын wpd group нь Ханбогд салхин цахилгаан станцын төсөлд хөрөнгө оруулснаар wpd-ийн олон улcын багийн дэмжлэгтэйгээр дотоодын баг бүрэлдэхүүн төслийн хөгжүүлэлтийн үйл ажиллагааг хариуцан ажиллаж байгаа. Клинтек ХХК нь 250 МВт-ын эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрөлтэй юм билээ.

Ханбогд салхин цахилгаан станц төсөл нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Номгон багийн нутагт хэрэгжиж байгаа. Төслийн байршил нь БНХАУ-тай хил залгаа Гашуун Сухайтын боомтоос 37 км, Оюу Толгойн алт зэсний уурхай болон Хан Бумбат нисэх онгоцны буудлаас зүүн өмнөд зүгт 50 км, мөн нийслэл Улаанбаатар хотоос өмнө зүгт 750 км зайд байрладаг. Төслийн эргэн тойронд ургамал багатай, хуурай, хагас цөлөрхөг тэгш тал бөгөөд хайлаас, заг мод ургадаг. Ханбогд салхин цахилгаан станцын салхин сэнснүүдийг Оюу Толгой-Гашуун Сухайтын замаас 4 км зайд урдаас хойш чиглүүлэн хоёр эгнээ суурилуулахаар төлөвлөсөн байна. Гэтэл өнөөдөр уг салхин цахилгаан станцын төсөл гацаанд орчихсон, зөвшөөрлийн бичиг нь Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн шургуулганд хэвтэж байна. Канцлерийнх нь өмнө “Энэ бүтээн байгуулалтыг эхлүүлнэ” гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ам гарсан ч өнөөдөр ганц ч алхам урагшаа явсангүй.

Монголчуудын хувьд худлаа ярих нь хэвийн зүйл болчихсон. Ялангуяа төрийн өндөр дээд түвшиндээ худал хэлэх, худал амлалт өгөх нь байж болохгүй зүйл мэт боловч дипломат албаны үндсэн зарчмуудыг уландаа гишгэж худал ярих явад улам бүр газар авсаар байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ айлчлалаар Германд очиж цайг нь ууж, хоолыг нь “буудчихаад” гуравдугаар сард салхин цахилгаан станцын төслийг эхлүүлнэ гэж хэлснээ одоо мартчихсан сууж байна гэдэг Монгол Улсын нүүр царай олон улсад тэгж харагдаж байна л гэсэн үг. Ялангуяа Германчууд “яс” хүмүүс. Манайхан шиг худал хэлж, цаг үрдэггүй онцлогтой. Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гуравдугаар сар гэхэд ажлыг нь ямар ч асуудалгүй эхлүүлнэ гэсэн ч өнөөдрийг хүртэл алхам хийхгүй байгааг гайхацгааж байгаа юм. Монгол хүн худал ярьж, Герман хүн ажил ярьдаг гэдэг хэлц хүртэл бий болох нь, энэ янзаараа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх олон улсын хуралд оролцож байхдаа “Монгол Улс газар зүйн байршил, цаг уурын нөхцөлөөрөө 2600 гегаваттаар хэмжигдэх сэргээгдэх эрчим хүчний нөөцтэй улс. Энэ нь Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, цаашлаад бүс нутгийн сэргээгдэх эрчим хангамжид хувь нэмэр оруулах боломжтойг харуулж байна. Манай улс 2030 он гэхэд суурилагдсан эрчим хүчний 30 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангана” хэмээн индэр дээрээс мэдэгдэж байв. Энэ янзаараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн үг шүлс болон хатаж, Л.Оюун-Эрдэнийн амлалт хий хоосон үг болж, Германчууд ч хөрөнгө оруулалтаа татаж мэдэхээр байгаа юм. Монгол Улсын иргэн Л.Оюун-Эрдэнэ Германы нэг нөхөрт худал хэлээд хоолыг нь буудаж, хоночихоод буцсан бол хүн нэг их тоохгүй. Гэтэл Ерөнхий сайд нь ингэж худлаа хэлсэн нь Германчуудын өмнө монголчуудыг шившиглэсэн үйлдэл болж байгаа талаар тус улсад суугаа монголчууд ярилцах болсон байна.

4 САНАЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу