УИХ-ын Ажлын хэсэг, байнгын болон түр хороод өнөөдөр (2023.06.13) хуралдсан юм. МАН-ын ажлын хэсгийн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Өнөрболор дараах асуудлыг холбогдох сайд нараас тодрууллаа.

Түүний, “Өмнө нь эдийн засгийг 5 хувиар өснө гэж тооцож байхад инфляцыг 8 хувь гэж баталж байсан. Гэтэл одоо өсөлтийг 7.9 хувь гэж үзэж байхад инфляцыг 10 хувь гэж оруулж ирж байна. Логикийн хувьд эдийн засаг өсөж байхад бусад үзүүлэлт нь дагаад сайжирч байх ёстой.  Жишээ нь бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт саарах ёстой, иргэдэд ирэх дарамт буурах ёстой. Ард иргэдийн ажлын байр нэмэгдэх ёстой. Гэтэл энэ бүхэн иргэдийн амьдралд мэдэгдэхгүй байгаа учраас иргэд бухимдаад байгаа юм. 

Мөн бусад гишүүд ч хэлж байна. Экспорт оо 50 сая гэж хэтэрхий өөдрөг төсөөлж байгаа юм биш үү? Хүрэлбаатар сайдаас бас асуумаар байгаа юм. Геополитикийн тодорхойгүй байдал үргэлжилсээр байна. Дэлхийн эдийн засгийн өсөлт 2 хувиас бага байх магадлалтай байна. олон улсад төдийгүй манай улсад ч гэсэн нүүрсний борлуулалт сүүлийн хоёр сард буурч байгаа нөхцөл байдалд байна.

50 сая тонн гэсэн төсөөллийг дагаад маш олон салбарын тооцоо төлөвлөгөө хийгдчихсэн байгаа. Энэ давхар төлөвлөсөн бүхэн нь алдагдал болж төсөв дээр ачаа болж ирэхвий дээ. Биелэвэл сайн байна, биелэхгүй байлаа гэхэд эрсдэлийн менежментийг юу гэж авч үзэж байгаа вэ? Хариуцлагын тогтолцоо ярьж байгаа үед энэ хамгийн чухал нь. Энэ асуудалд тооцоо судалгаан дээр үндэслээд хэн баталгаа өгөөд байгаа юм бэ? гэсэн асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариулахдаа, 

-Эрсдэлгүй зүйл гэж байхгүй. Биднээс биш гадаад зах зээлээс шалтгаалдаг зүйлд өмнө нь ч эрсдэл байсаар ирсэн.  Бид өөрсдөөс шалтгаалах зүйл дээр л сайн ажиллах шаардлагатай байгаа. Төв банкны бодлогын хүү бол аливаа инфляцын эрэлт талаас нь нөлөөлөл үзүүлдэг. Засгийн газраас хүлээдэг үүрэг бол харьцангуй биелэлт сайтай явж байгаа. 

Нүүрсний хувьд эхний хагас жилд гаргасныгаа л сүүлийн хагас жилд гаргая гэж байгаа юм. Энэ бол маш боломжтой тоо байгаа. Хятадын зах зээл бол эрчим хүчний нүүрс, коксожсон нүүрс нийлээд 400-500 сая тонн. Мөн зах зээлд бол хангалттай зай байгаа гэдгийг хятадын талаас хэлж байгаа. Бусад өрсөлдөгчийг оруулаад шүү дээ. Авч ирж чадсан хэмжээгээр чинь авна гэдгийг хоёр улсын ерөнхийлөгчийн дээд хэмжээний айлчлалын үеэр мэдэгдсэн. Үнийн хувьд бол биднээс шалтгаалахгүй, гаргах биет хэмжээний хувьд биднээс шалтгаалах л асуудал байна” гэсэн юм. 

Үргэлжлүүлэн үнийн өсөлт, инфляцийн өсөлт дээр авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүд чинь яг юу юм бэ? Бодлогын хүү л нэмнэ гэсэн асуудал байгаа юм уу? Бусад орнууд бол үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх гэх мэт арга хэрэглэж байна. Мөн хөрөнгө оруулалтыг татахаас гадна дотооддоо бизнес эрхлэгчдийнхээ засаглалыг сайжруулах эрсдэл даах чадварыг сайжруулах зэрэг маш олон аргуудыг хэрэглэдэг. Манай засгийн газар дээр яг ямар арга хэмжээг авч ажллах вэ? гэсэн асултыг тавьсан юм. 

Уг асуултад Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар хариулахдаа, 

-“Авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний нэгдүгээрт мөнгөний бодлого. Мөнгөний бодлогын арга хэрэгсэлээр инфляцыг барихаас өөр аргагүй. Мөнгөний бодлогоос өөр арга хэрэглэх гээд бүтэлгүйтсэн түүх байгаа.  Өөр арга байхгүй” гэж тайлбарласан юм аа. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу