Санхүүгийн Зохицуулах Хороо Монгол Улсын анхны ногоон бондыг бүртгэхээр шийдвэрлэлээ.

Энэ нь олон улсын “Sustainable Fitch” байгууллагаар “Ногоон бонд”-ын зарчмуудтай нийцсэн талаарх дүгнэлт гаргуулсан, анхны “Ногоон бонд” гэдгийг СЗХ-ноос онцолж байна.

Манай улсад анх 2021 онд ногоон санхүүжилтийг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх “Ногоон бонд” гаргах шинэ журмыг СЗХ баталсан юм. Ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэх замаар Монгол Улсад тулгарч буй байгаль орчны асуудлыг шийдвэрлэх зорилгоор СЗХ Дэлхийн банкны бүлгийн гишүүн байгууллага Олон улсын санхүүгийн корпорац (ОУСК)-тай 2020 оны 5 дугаар сард Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан юм.

Санамж бичгийн хүрээнд, ОУСК олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрсөн “Ногоон бонд”-ын зарчимд нийцүүлэн ногоон бонд гаргах, түүний бүртгэлтэй холбоотой харилцааг зохицуулсан журам боловсруулахад дэмжлэг үзүүлсэн. Уг харилцаатай холбоотой зохицуулалтыг шинээр баталсан “Компанийн өрийн хэрэгслийн бүртгэлийн журам”-д тусгах асуудлыг СЗХ дэмжиж, хамтран ажилласан юм. Энэхүү зохицуулалт бий болсон нь Монгол Улсад байгаль орчинд ээлтэй, ногоон төслүүдийг санхүүжүүлэх дотоодын ногоон бондын зах зээлийг хөгжүүлэхэд томоохон дэмжлэг үзүүлэх алхам болох юм.

Олон улсын хэмжээнд “Ногоон бонд” нь уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй сөрөг нөлөөг бууруулах, эрчим хүчний хэмнэлтийг нэмэгдүүлэх, хог хаягдлын асуудлыг шийдвэрлэх зэрэгт шаардагдах хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэхэд өргөнөөр ашиглаж байгаа юм. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу