Борооны тухай дуу, борооны тухай шүлэг бүр борооны үнэрт дургүй хүн гэж үгүй. Ертөнцийн сайхан бүхнийг мэдрүүлэх бороотой өдрүүдэд ийм нэгэн шүлгүүд цээжнээ гарч ирнэ. Тэгээд шүхэрнээс дусагнах мэт уншигдсаар дотрыг жаал уужуу болгодог билээ. Ийм л мэдрэмжийг та бүхэнтэй хуваалцахыг хүслээ.   

Зуун жил орсон бороо яагаад ийм нялхаараа байгаа юм бол?

Зуун өдөр бодогдсон чи яагаад ийм шинэхнээрээ байгаа юм бол?

Ариун энэ бороо зогсоход энгэрт цэл залуухан нар гарна даа.

Арай гэж энэ өдөр дуусахад ахиад чи л бодогдоно доо.

Энэ цонхыг хагалчихвал салхи орж ирээд  намайг аваад явчих юм биш байгаа?

Энэ хөшгийг нөмөрчихвөл далавчтай юм шиг нисч буугаад явах юм биш байгаа?

Тэгвэл би чамдаа хав халуун арьсандаа хүйтэн бороо бөнжигнүүлсээр очих сон.

Тэгвэл чи тэр өдрийнх шигээ алганд минь архи хийж уугаад аяархан уйлж суух байх даа.

Мянган жил орсон бороо манай нутагт шинэхэнээрээ орж байна.

Мянган өдөр бодогдох чи сэтгэл дотор минь тамхи татан бөхийгөөд

                       цээжин дотор минь манантайхан л байна даа.

Л. Өлзийтөгс “Төсөөллийн өрөөнд” 50-р тал

Түрэг охины гишүү мэт харцанд

Түүдэг адил шатаж явахад

Жари эхийн тал нам гүм бороорхог

Жаахан тэр минь хөл нүцгэн байсан.

Хацарных нь хонхорт бороон дусал тогтож

Халгин инээхэд нь усан цацраг үүснэ

Мөнгөн лаа шиг бэлхүүс нь гэрэлтээд

Мөнөөхөн өдрийг зүүдлүүлж орхино

Асгарах бороон дунд хуурай салхийг хүснэм.

Амтат дарсыг нарны гэрэлд уунам

Эргэн тойрон усан бороо суунаг манан

Энд гүн ухааны тэрс уянга эгшиглэнэ

Оройн мѳрний тунгалаг уснаа хус модод сүүдрээ дүрэхэд

Охидын шилбэ цайран харагдах шиг сэтгэлд минь үймүүлнэ

Цасан ширхэг шиг одод гялалзах усны мандалд

Цайлган түүний минь хөхиүн инээдийг чихнээ урина

Ялдамхан шүлэгчид охидын үзэсгэлэнд уйтгараа сэлбэж

Яаж ч болохгүй дурлалын цүнхэлд унадаг юм

Зүрх норгосон хайрынхаа дарснаас тэд хэзээ ч

Зүүдэндээ ч хүртэл хагацаж чадахгүй зовдог юм

Түрэг охины гишүү мэт харцанд

Түүдэг адил шатаж явахад

Жари эхийн тал нам гүм бороорхог

Жаахан тэр минь хөл нүцгэн галархаг…

Хөөдөөгийн Эрдэнэбаатар

” БОРОО Л ОРООСОЙ “

Бороо л ороосой …

Ижий минь тэрлэгний өнгө шиг

Нэг л дулаахан бороо л ороосой

Бороо л ороосой.

Өвсний толгой дээр сүү асгачихсан юм шиг

Нэг л сайхан бороо л ороосой

Бороо л ороосой …

Голын усанд уруулаа дүрэн зогсох морь шиг

Солонгоор инээсэн бороо л ороосой

Бороо л ороосой

Сарны туяанд, бүсгүй хүн даашинзаа

Тайлах шиг

Тийм л тув тунгалаг, бороо л ороосой

Бороо л ороосой

Нозоорон буй цагны зүүнд хавчуулагдсан нарны зовхи шиг

Бодол хөндүүрлэсэн бороо л ороосой

Бороо л ороосой

Нойтон болжмор тооноор орж ирээд,

Миний орны хөлд суух шиг

Аяс намуухан бороо л ороосой

Бороо л ороосой

Нүгэлд хорсож улайссан нүдний хирийг угаачихмаар

Бурханы нулимс шиг бороо л ороосой

Бороо л ороосой

                                         Ганболдын Баяр

Борооны чийгтэй адилхан чиний үнэр

Сэтгэлийг минь өөртөө цонх шиг татдаг

Болжморууд нойтон далавчаараа дусал хэрчин нисэх шиг

Бодол бүрээ уран суухуйд чиний тухай дурсамжууд арилдаг

Одоо надад үлдсэн ганц хайрцаг янжуур

Охидод уншсан шүлгийн мөрүүдээс ч үнэтэй санагдах

Эл хульхан гудамжаар ус туучин алхахуй

Амар амгалан ганцаардлыг мэдэрнэм

Харанхуйн тухай цог шиг төсөөллийг минь гартаа атгаад

Хаа нэгтээ гүйж яваа жаахан минь

Үзэсгэлэн гоо дотор чинь уй гуниг нуугддаг

Үүлс сэмэрхийг хараад л салхинд дургүй хүрдэг

Хагацалд цоо дүрүүлсэн шөнийг цолмон од сорох мөчид

Харцны чинь хүүхэн хараа томрохыг үзээд худлаа гэдгийг нь мэдсэн

Хавирган цаанаас нэг зүйл хатгуулдан өвдөж жигүүр минь хугарахад

Халуун цусаа асгаруулан байж өлмийд чинь унаад хайртай гэж хэлсэн

Даанч бидний хэн хэнд нь

Дарвуулт хөлөг шиг бардам зан заяасан

Эрхэмсэг зан, үзэсгэлэн гоо чинь хүртэл

Эхлэлээс холдож чадаагүй төгсгөл байсныг ухаарсан

Б.Алтанхуяг

Хайрлахгүй бас үзэн ядахгүй.

Халуун харцанд автахгүй.

Ордог л нэг бороо, нордог л нэг бороо…

Одоо юунд ч догдлохгүй.

“Ягаан шилээр харж байсан амьдрал”-ынхаа

Яг дунд нь сэрчихээд чангаар инээхэд

Үс минь урьдынхаасаа ч зөөлөн намирч эхлэв.

Үнэндээ би одоо л амьдарч сурч байна.

Л.Өзийтөгс “Эрх чөлөөтэй байхын урлаг буюу Шинэ ном” 55-р тал,

 

Бороо ганц нэг дусах нь сайхан
Борог өвс норсон байх нь сайхан
Хаврын цас гэр рүү урсах нь сайхан
Хаа нэгтэй шувууд ганганах сайхан
Алтан хараацай дэргэдүүр нисэх сайхан
Аяны хүн манай уяанд буух сайхан
Айлын маань айлд бүсгүй байх сайхан
Айл нүүж ирэх сайхан
Хангайн бороо гэнэт асгах нь сайхан
Харанхуйн дунд цахилгаан гялбах нь сайхан
Хонон өнжин бороо зүсрэх нь сайхан
Холоос гийчин ирэх сайхан
Шаргал талын өвс халиурах нь сайхан
Шанхны үзүүрт салхи нь сэвэлзэх сайхан
Сартай шөнө бухал дээр унтах сайхан
Чамайг зүүдлээд газарт ойчих нь сайхан
Үе үе бороо амcxийх нь сайхан
Өлгөсөн цувнаас ус дуслах нь сайхан
Үүлэн чөлөөнөөс нар гарах нь сайхан
Үүдээр болжморууд нисэн өнгөрөх нь сайхан
Шөнө дөл хүлэг морь янцгаах сайхан
Шүлэг нойрноос сэрж орчлонг бодох сайхан
Өрхний завсраар гэгээ орох сайхан
Өглөө болох сайхан
Д.Нямсүрэн

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу